Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг нээх гэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай 192 дугаар тушаалын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрөгч долдугаар сарын 15-наас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Дөрвөн сарын турш үргэлжилсэн зам засварын томоохон бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрээгүй ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг нээхээр болжээ. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжлэх юм байна.