Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.11.01/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултдад хариулт өгөв.
-ҮХЦ Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй болох нөхцөл байдал үүсч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж байнга худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан.
Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой
-Ерөнхийлөгчтэй хошууч генерал Б.Баярмагнайтай уулзаж, “Монголын Үндэсний Фронт” байгуулахыг нь бүрэн хүлээн зөвшөөрч, мөн Ерөнхийлөгч төрийн эргэлт хийх талаар ярьсан юм уу?
-Ерөнхийлөгч тэр хүнийг танихгүй, тийм балай юм хийхгүй, тэр хүнийг таних ч үгүй. Б.Баярмагнай нэг удаа телевизээр генерал хувцастай гарсан. Тэгэхэд нь би Батлах хамгаалахын зөвлөх Даваагаар дамжуулж, “генерал хувцас өмсөх дүрэм зөрчиж байна. Хариуцлага тооцно шүү” гэж сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй.
-Ерөнхийлөгчийн нэрийг барьсан явдалд хариуцлага тооцох уу?
-Төрийн эргэлт хийхээр оролдож байгаа хүнийг Тагнуулын газар судлаад хуулийн хариуцлага хүлээлгэх байх. Ерөнхийлөгчийн нэрийг дахин баривал хариуцлага тооцно.