Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Африкийн хар тамхины мафийн гишүүд болох Нигерийн иргэдийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж шүүх хурлыг энэ сарын 8-ны 13.30 цагт хийхээр товлолоо.
Тэднийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард баривчлан, эд мөрийн баримт 500-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх бодисыг нь хураан авсан билээ. Нигерийн иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан халхавчаар манай улсад орж ирсэн байдаг.
Тэд “мөс” хэмээх хар тамхины төрлийн зүйлийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон юм.
31 настай Адекола Олавасен Азийз нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойш Монгол Улсад амьдарч байгаа. “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд Принц Шон Азелотти гэдэг хуурамч нэрээр багшилж байжээ.
“Рояал” академид багшлахаар ирсэн энэ хүн ерөнхий боловсролын сургууль л төгссөн, дээд боловсролгүй нэгэн байсан нь шалгалтаар илэрчээ. Мөн Изичукву Чиома Фавор гэгч эмэгтэй нь оюутан нэрээр амьдарч байсан бөгөөд 2016 онд МҮИС-ийн уламжлалт анагаах ухааны ангид элссэн. Адиоди Елижах Оладапо нь манай улсад 2018 оны хоёрдугаар сард жуулчны 90 хоногийн хугацаатай виз авч орж ирээд хугацаа хэтрүүлэн амьдарч байжээ.