Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.
Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг суллуулж авчээ.
Тэрбээр өчигдөр 17.00 цагт Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.
Мөн бид энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтнаас тодруулахад “Ийм зүйл болоогүй. Хамт явсан хүнээс нь тодруулахад үгүйсгэсэн” гэсэн тайлбарыг өглөө.