Уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган-2019” өчигдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Эдийн засгийн чуулганыг энэ удаа МҮХАҮТ, “Монголын эдийн засгийн чуулган” төрийн бус байгууллага, Монголын бизнесийн зөвлөл, “СЕО клуб” хамтран зохион байгуулав.
Монголын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг хувийн хэвшлийнхнийг төлөөлдөг тус дөрвөн байгууллага чуулганы үеэр цаашид ч хамтран ажиллахаар удирдлага нь санамж бичигт гарын үсэг зурсан. Мэдээж тэд эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулахаар хамтран ажиллана. “Монголын эдийн засгийн чуулган-2019”-ийн уриа “Үндэсний эрх ашиг” байв. Тэгвэл өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриатай байлаа. Юутай ч энэ удаа хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх болжээ.
Монголын эдийн засгийн өмнөх чуулганууд хэрэгжүүлэхээр зэхэж буй мега төслүүдийн танилцуулга, санхүүгийн зах зээлийн хөгжил, бизнесийн орчны шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн тогтсон хэдэн сэдвийг хөнддөг байлаа.
Ингэхдээ тухайн салбаруудын үйл ажиллагааг шүүн хэлэлцдэг байсан. Тэгвэл зохион байгуулагчид энэ удаа монголчуудын эдийн засаг, бизнесийн салбарт хандаж буй хандлагыг хэлэлцэхээр хөтөлбөрийг нь бэлтгэсэн байв. Эдийн засгийн чуулганаар “Хариуцлагатай Монгол”, “Саарал Монгол”, “Бүтээлч Монгол” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Олон нийтэд танигдаагүй, залуу судлаач, мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонордуулсан нь энэ удаагийн чуулганы нэг онцлог. Мөн Засгийн газраас нэг ч төлөөлөл оролцоогүй нь өөр нэгэн онцлог нь байлаа. Зохион байгуулагчид Засгийн газрын гишүүд, яам, тамгын газрынханд урилга илгээжээ. Гэтэл нэг ч хүн оролцуулаагүй гэнэ. Ийнхүү эдийн засаг, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судлаачид оролцсон цомхон чуулган өрнөлөө.
Чуулганы эхэнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми Монгол Улсын өрсөлдөх чадварын талаар илтгэл тавьсан. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 63 орныг харьцуулан гаргадаг аж. Нийт 100 оноо авахаас манай улс энэ онд 45.2-ыг авч, Венесуэлийн урд 62 дугаарт эрэмбэгджээ. Монголын өрсөлдөх чадварын эрэмбэ сүүлийн таван жилд байнга буурсан байна. Манайх өрсөлдөх чадвараар 2015 онд 47.1 оноогоор 57-д жагсаж байв.
Эрэмбэ ч, оноо ч буурсан нь энэ. Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпорацын хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа “Бизнес эрхлэхүй-2020” тайланг танилцуулсан. Тус тайлан нь бизнес шинээр эхлүүлэх, барилгын зөвшөөрөл, зээл авах, эрчим хүчинд холбогдох, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татварын систем, хил дагуух худалдаа, гэрээг биелүүлэх, төлбөрийн чадварыг шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах зэрэг 10 үзүүлэлтээр тухайн улсын бизнесийн орчныг дүгнэдэг.
Судалгаанд хамрагддаг 190 орноос манайх 81 дүгээрт бичигдэж байгаа аж. Монгол Улс бизнес эрхлэлтийн орчноороо 2017 онд 62 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Эрэмбэ ухарч буй нь бизнесийн орчноо сайжруулахад дорвитой шинэчлэл хийхгүй байгаагийн илрэл гэж Д.Жигжидмаа тэмдэглэлээ. Тухайлбал, манай улс 2019 онд бизнесийн орчноо шинэчлэх нэг ч алхам хийгээгүй гэнэ. Монгол “тэг заасан” үзүүлэлтээрээ Фижи, Маршал зэрэг арлын жижиг орнууд, Камбожтой мөр зэрэгцжээ.
Мөн л ухарсан үзүүлэлт. Чуулганы нээлтийн үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин авлигын индекс ухарч, ядуурал буурахгүй, ажлын байрны тоо нэмэгдэхгүй байгааг онцолсон. Эдийн засгийн хүндрэл 2016 онд шувтарч, өсөж эхэлсэн. Одоо манай улс эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж байна. Ийм үед эдийн засаг, бизнесийн үзүүлэлтүүд буурч байгаад чуулганд оролцогчид бухимдалтай байв.
Хариуцлагагүй байдлын тухай хэлэлцсэн “Хариуцлагатай Монгол” сэдэвт хуралдааны гол илтгэлийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан тавьсан. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, бизнесийн үзүүлэлтүүд суларч буй нь төр, засгийн буруу шийдвэр, эс үйлдэлтэй холбоотой. Би УИХ-ын гишүүдээс ямар шалтгаанаар сонгуульд өрсөлдсөн талаарх судалгаа авч байсан. Гишүүдийн 99 хувь нь бизнесээ хамгаалахаар гэж хариулсан.
Тэгэхээр төрийн хоймор болсон УИХ гишүүдийхээ бизнесийг хамгаалахаас өөр ажил хийхгүй нь байна” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Иймээс сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах, намын даргад таалагдсан нь биш, тухайн салбар, байгууллагыг төлөөлүүлэн сонгуульд нэр дэвшүүлэх тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Мөн улс төр, бизнесийг салгах шаардлагатай. УИХ-ын гишүүн болж буй хүн бизнесээ зарах, эсвэл хувьцаат компани болгох эрх зүйн орчин бүрдүүлмээр байна” гэсэн санал дэвшүүлсэн.
Уг хуралдаанд панелистаар оролцсон “Дүн нүд” компанийн үүсгэн байгуулагч, блоггер О.Зундуйдорж “Монгол хүн бүх зүйлд дасан зохицдог. Дасан зохицсон учраас шударга бус зүйлийг эсэргүүцэн дуугарч чадахгүй байна. Авлига, хүнд суртал гэх мэт шударга бус зүйлтэй тэмцэж, хариуцлага тооцох ёстой” гэж хэлэв. Түүний хэлсэн үг чуулганд оролцогчдын загатнасан газар маажив бололтой. Уг нь чуулганд оролцогчдын санал, асуултыг онлайнаар авах горимтой байв.
Гэтэл зарим оролцогч байр сууриа шууд илэрхийлнэ гэсэн санал дэвшүүлж, зохион байгуулагчдыг “загнасан”. Хуралдаанд панелистаар оролцсон хуульч Б.Гүнбилэг “Прокуроруудыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж чадахгүй байгаа учраас гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, хөнгөн яллах явдал тасрахгүй байна. Тиймээс хараат бус байдлыг нь шийдэх гаргалгаа хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлэв.
Тэгвэл эдийн засагч Д.Батсайхан “Бизнесийн сайн төсөл хэрэгжүүлэх гэхээр л авлига өгөх шаардлага тулгардаг. Би хувийн хэвшлийнхэнд “Авлига бүү өгөөрэй. Та бүхний авлигатай тэмцэхэд оруулах хувь нэмэр энэ шүү” гэж хэлье. Тэмцэхээсээ илүү авлига өгсөөр байгаа буруу жишиг тогтоосонд монголчууд өөрсдөө буруутай” гэсэн юм. Чуулганд оролцогчдоос “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Манай улс эдийн засгийн чуулганаараа хариуцлагын тухай яритлаа доройтжээ.
Гүрж авлигыг зогсоох шийдлийг олжээ. Тэд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаа улс төрөөс хараат бус болгосон байна. Тэдний туршлагаас суралцах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв. Гүрж нь төрийн албаны 150 мянган ажилтнаа нэг өдөр ажлаас нь халж, шударга ажиллахыг нь эргүүлэн авч, авлигатай тэмцэх ажиллагаагаа эхлүүлж байжээ. Энэ хуралдаанд оролцогчид авлигаа цэгцлэхгүйгээр эдийн засаг, бизнесийн орчноо сайжруулж чадахгүй гэдэгтэй санал нэгдэж байв.
Чуулганаар ярилцсан дараагийн сэдэв “Cаарал Монгол” байв. Энэ бол Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тогтолцооны “саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор хэлэлцэж буй сэдэв. Гүйцэтгэх болон шүүх засаглал мөнгө угаах, хууль бусаар орлого олох гэмт хэрэгтэй тэмцэхгүй, хариуцлага тооцохгүй байгаа учраас бид “саарал жагсаалт”-д орсон.
Энэ сэдвийн гол илтгэлийг өмгөөллийн “Авинекс” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго тавьж, “саарал жагсаалт”-д орсон шалтгааныг тайлбарлалаа. Үүний талаар олон нийтэд мэдээлэл хангалттай хүрсэн тул тайлбарыг нь дурдалгүй орхиё. Хуралдаанд оролцсон Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хамтран үүсгэн байгуулагч О.Тэнүүн “Төр, засгийн буруу бодлого залуу бизнес эрхлэгчдийг мохоож байна. Зүгээр сууж байгаад тэрбумаар хэмжигдэх ам.долларын орлого олдог хүмүүсийг хараад өдөржин хөдөлмөрлөөд 1000 төгрөгийн ашиг олдог залуу бизнесмэн дургүй нь хүрдэг.
Бид төгрөгөөр орлого олчихоод ам.доллароор авлига өгөх болчихоод байна” гэж ярьсан. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Асуудал бидэнд өөрсдөд байна. Өвчнөө оношилчихлоо. Тэгэхээр эдгээх ёстой. Төр, компани хоёр харилцахаар авлига авч, өгөлцөх гээд, эсвэл маргаан үүсгэчих гээд байдаг. Тиймээс төрийн бус байгууллагууд нь идэвхтэй ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хооронд зуучлагч болох нь нэг шийдэл гэж харж байгаа” гэв.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Эдийн засгийн шилжилтийн үе дууссан. Тэгэхээр олон улсын эдийн засаг, бизнесийн дүрмээр “тоглож”, тэдэнтэй адил хариуцлагатай байх ёстой” гэж ярилаа.
“Эдийн засгийн толинд туссан сүүдэр нь улс төр байдаг. Тэгэхээр эдийн засгийн бүтцээ өөрчилж байж, улс төрөө өөрчлөх ёстой” гэсэн илтгэгч Д.Мөнхболдын дүгнэлттэй чуулганд оролцогчид санал нэг байлаа. “Голденвест индастри” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тэрбээр яруу найрагч Б.Явуухулан “Хүн бүхэн өөрийн ачааг дааж явбал үйлэн хөх тэнгэрийн дор Монгол алзахгүй” гэсэн шүлгийн мөрийг эшилсэн.
Үнэхээр ч хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, шударга зарчимтай, хуулийг хэрэгжүүлж ажиллавал хөгжил хурдасна гэдгийг хуралдаанд оролцогчид онцлон тэмдэглэж байв. Д.Мөнхболд уул уурхайн салбар, тэр дундаа “Оюутолгой” компани Монголын эдийн засагт хэр жин дарж буйг тооцоолжээ. Уул уурхайн мега төслүүдийг хасаж тооцвол манай эдийн засаг нэлээд дундрах нь. Эдийн засаг дахь уул уурхайн хамаарлыг багасгахын тулд бусад салбараа хөгжүүлэх шаардлага бий. “Бүтээлч Монгол” сэдэвт хэлэлцүүлгээр энэ тухай илүү хөндөв.
Хэлэлцүүлэгт оролцсон “Үндэстэн баг” компанийн гүйцэтгэх захирал Ж.Лувсандорж “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ордосын бүтээн байгуулалтыг монголчууд хийж байгаа. Бид соёлын үйлдвэрлэл хийж чадна. Тэд бидний авьяасыг ашиглаж аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид хийж, орлогыг нь тэд хүртэж байгаа. Шинэ Зеланд улс “Бөгжний эзэн” киног санхүүжүүлээд жуулчдынхаа тоог 10 дахин нэмж чадсан. Бид 60 төрлийн эцсийн бүтээгдэхүүн экспортолж байна. Хувцасны 200 брэндтэй болчихлоо. Хөгжүүлж чадвал бидэнд боломж бий гэж хардаг” хэмээсэн юм.
Түүний дараа “Оюутолгой” компанийн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Бүтээлч байхад заавал боловсролтой байх албагүй. Гэхдээ боловсролтой бол илүү үр ашигтай зүйл бүтээнэ” гэж хэлснээр хуралдаанд оролцогчид боловсролын системээ сайжруулах талаар илүүтэй ярилцлаа. Бүтээлч сэтгэлгээтэй, орчин цагийн мэдээллийн технологид суурилан ажиллах чадвартай иргэнтэй болохын тулд боловсролын системээ сайжруулах шаардлагатай аж. Эдийн засгаа хөгжүүлэхэд иргэд нь шударга зарчимтай, авлигаас ангид, бүтээлч сэтгэлгээтэй байх нь чухлыг энэ удаагийн чуулган олон нийтэд сануулав.
Эх сурвалж: Өнөөдөр сонин