Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд өнгөрсөн шөнө 700 гаруй хятад иргэнийг саатуулсан. Баривчлагдсан эдгээр хятад иргэдэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер байсан юм. Энэ асуудлаар ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл танилцуулсан байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав товч мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав “Хуулийн хүрээнд хяналт шалгалтыг явуулж байна. Тагнуулын байгууллагын ажил тусдаа, цагдаагийн байгууллагын ажил тусдаа гэсэн зүйл байхгүй. Энэ хэрэг дээр тагнуул, цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж байгаа. Манай ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэгт мөн оролцон шалгаж байна. Зарим нэг үүрэн телефоны оператор компанийг шалгана.
Эдгээр хүмүүс “Амар”, “Кентавр”, “Юнион”, “Ориентал” гэсэн дөрвөн зочид буудалд байрласан байсан. Энэ зочид буудлуудын үйл ажиллагааг мөн шалгана. Дээрх 700 гаруй иргэд анх барьсан байрандаа байгаа. Бичиг баримт, бусад зүйлийг шалгаж байна. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана. Одоогоор мөрийтэй, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхлэх зорилготой байсан нь тогтоогдсон. Аялал жуулчлал, бизнесийн визээр орж ирсэн. Хөдөлмөр эрхлэх зорилготой орж ирсэн нэг ч хүн байхгүй” гэлээ.