Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл хийлээ.
Тэрээр:
“Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолын хүрээнд 2017 оноос хойш жил бүр 11 дүгээр сарын 01-нээс ирэх жилийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэр хорооллын шөнийн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаанд хөнгөлөлт үзүүлж байгаа.
2017 онд 6 тэрбум төгрөг, 2018 онд 9 тэрбум төгрөг, 2019 онд 20 тэрбум төгрөг төрийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Харин 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоо гарч байгаа. Уг хөрөнгийг Засгийн газраас улсын төсөвт суулгах замаар гаргаж байна.
Энэ жилийн хувьд нөгөөдрөөс /2019.11.01/ уг тогтоолыг хэрэгжүүлэхээр зохицуулах хорооны 433, 434 дүгээр тогтоол гарч Хууль зүйн яаманд бүртгэгдээд явж байна. Тиймээс иргэд маань 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хөнгөлөлт эдэлнэ.
Энэ тогтоолоор орой 21-06 цаг хүртэл, өдөр бүр 9 цагийн хугацаанд, нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж байгаа юм. Аймгийн төв болон 10 мянган хүн амтай сум суурин газрууд 50 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа.
Улаанбаатар хотын, тэр тусмаа 100 хувь хөнгөлөлтийг 220 вольтын хүчдэл хэрэглэж буй айл өрхүүд сардаа 700 кВт, 380 вольт хүчдэл хэрэглэж буй хэрэглэгчид 1500 кВт-ын хөнгөлөлт эдэлж байгаа. Түүнээс илүү гарсан хэрэглээг нь мөн 50 хувиар хөнгөлж байгаа.
Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ жилдээ 60-80 мегаваттаар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ачаалал 1044 мегаватт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 мегаваттаар илүү байна” гэлээ.