Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой өнөөдөр /2019.10.29/ тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас сансрын бөмбөлөг хөөргөлөө. Уг сансрын бөмбөлөг нь Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг цуглуулж, хэмжилт хийх даалгавар гүйцэтгэх юм. 38 мянган метрийн өндөрт хөөрнө.
Сансрын бөмбөлгийг “Монгол Коосэн” Технологийн коллеж, Япон улсын ЧИБА-ийн технологийн их сургуулийнхантай хамтран бүтээжээ.
Мөн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарласан юм байна. Тус сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын сүлд “Хангарди”, гэнэтийн байдлаар сонгогдсон 380 азтай иргэний нэрийг мөн бичиж, хөөргөжээ.