УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдөр /2019.10.28/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон 2020 оны улсын төсвийг авч хэлэлцсэн байна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өөрөө батална. Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход Үндсэн хуулийн Цэц дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байгаа. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд кабинетаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна” гэлээ.
Харин 2020 оны улсын төсвийн талаар Д.Эрдэнэбат “Ирэх оны улсын төсөв эрсдэлтэй байна. Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар театр, музейн барилгын засвар, шинэ барилгад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь 2015 оны нийт хөрөнгө оруулалтын 50-иас дээш хувьтай тэнцэж байна. Үүн дотроо ДБЭТ, ДБЭТ, УДЭТ-ын барилгыг 50 гаруй тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Энэ хоёр барилгыг нураахад төсөвлөжээ гэж харагдахаар байна. Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатарт барихад 152 тэрбум төгрөг төсөвлөсөн. Чингис хаан музей барихад 53 тэрбум төгрөгийг төсөвлөөд ирэх жилдээ барихаар төсөвлөсөн байна. Үндэсний номын сангийн барилга барихад 10 тэрбум төгрөг, тохижилтын арга хэмжээнд 39.4 тэрбум төгрөг, сумдад 128 төгрөгөөр мотоцикл авах гэх мэтээр тус тус төсөвлөсөн байна. Тиймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хасаж тооцох хэрэгтэй” хэмээлээ.