Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Улмаар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самуун сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-д заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Хэргийн тухайд, дунд сургуулийн багш ажилтай, 57 настай, эрэгтэй Э гэгч сурагчдад давтлага өгөх нэрээр 17 настай сурагч Э /эрэгтэй/-г садар самуун үйлдэлд уруу татан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх хэрэг, мөн их сургуулийн багш, 35 настай С /эрэгтэй/ хуурамч фэйсбүүк хаяг ашиглан, олон удаагийн үйлдлээр 12-16 насны долоон охиныг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан бөгөөд хэргийг шалгах ажиллагаа дуусч, прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Танд болон таны мэдэх хэн нэгний хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон, эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залган мэдэгдэхийг анхааруулж байна.