АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Исламын Улс террорист байгууллагын толгойлогч Абу Бакр Аль Багдади Америкийн цэргийн ажиллагааны үеэр амиа егүүтгэсэн тухай Ням гарагт мэдэгдэв.
АНУ-ын тусгай хүчнийхэн Бямба гарагт Сирийн баруун хойд Идлиб мужид Багдадийг устгах ажиллагаа явуулсан байна. Улмаар Багдади Америкын цэргүүдээс зугтаж хонгил руу орж, биедээ байсан тэсрэх бөмбөгөөр амиа золиосолсон аж. Ингэхдээ тэрээр гурван хүүхэдтэйгээ хамт амь үрэгдсэн гэнэ. Харин түүний бусад 11 хүүхдийг ажиллагааны үеэр Багдадигийн гэрээс аюулгүй газарт шилжүүлжээ.
Дэлбэрэлтийн улмаас Багдадийн бие цогцос танигдахын аргагүй болсон ч ДНХ-ын шинжилгээгээр түүнийг мөн болохыг нь тогтоосон гэж байна. Тусгай хүчнийхэн дэлбэрэлт болсон газарт хоёр цагийн турш ажиллаж нотлох баримтуудыг цуглуулжээ.
АНУ-ын эрх баригчид Сири, Иракийн газар нутгийн томоохон хэсэгт хяналтаа тогтоосон Исламын Улс бүлэглэлийн удирдагчийг удаан хугацаанд ангуучилж, улмаар түүний байгаа газрыг зааж өгсөн хүнд 25 сая доллар төлөхөд бэлэн байгаагаа зарлаад байв. Багдади 2017 онд Иракийн Мосул, Сирийн Ракка хотуудыг алдсаныхаа дараа эдгээр улсуудын хил орчмын цөл нутагт байрлалаа байнга солин нуугдаж байжээ. Түүнийг Сири, Иракийн хилийн орчимд нуугдаж байгаа гэж таамаглаж байсан ба эцэст нь Туркийн хилийн ойролцоох Идлиб мужийн Бариша тосгонд Багдадийн байршлыг илрүүлсэн байна.
Ийнхүү Цагаан ордноос мэдэгдэл хийсэн Дональд Трамп цуутай террорист хэрхэн алагдсан тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн тусгай ажиллагаанд тусалсан Орос, Турк, Сири, Иракийн засгийн газарт болон Сири дэх Курдын зэвсэгт дайчдад талархаж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайны мэдэгдсэнээр, Багдадигийн цогцсыг Аль Кайда зэвсэгт бүлгийн удирдагч агсан Осама Бин Ладенгийн адил далайн усанд хаях гэнэ.