Мөрийтэй тоглоомын газрыг хууль бусаар ажиллуулж байсан байршлуудыг илрүүлсэн Зариг.мн сайт тухайн үед цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь ажилласан байдаг. Энэ үеэр цагдаагийн байгууллага нэгжлэг хийх зөвшөөрлийг прокурорын байгууллагаас хүссэн боловч хариу ирүүлэхгүй, ажиллагааг гацааж байгаа, зөвшөөрөл олгоогүй гэсэн утга бүхий мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Тэгвэл үүнийг нийслэлийн прокурорын газраас үгүйсгэлээ.
Тодруулбал Нийслэлийн прокурорт албан ёсны зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлээгүй аж. Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд хэргийн газарт үзлэг, нэгжлэг хийх, эд мөрийн баримт хураан авах ажлуудыг прокурорын зөвшөөрлөөр хийхээр заасан байдаг ч эрх бүхий албан тушаалтан хойшлуулашгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр тухайн ажлыг гүйцэтгэх бүрэн эрхтэй. Тиймээс дээрх нөхцөл байдалд хойшлуулашгүй арга хэмжээ авч ажилласан байгаа юм.
БГД-ийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийж, мөрийтэй тоглоомын төхөөрөмж илрүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.7.2 заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Прокурорын байгууллага зөвшөөрөл олгохгүй байна гэсэн мэдээлэл нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан учир бид уг мэдээллийн хүрээнд livetv.mn Нийслэлийн прокурорын газраас албан ёсоор тодруулсныг ийнхүү хүргэлээ.