Хэрэв та мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурладаг бол таныг цаг хугацаа хэзээ ч зогсоож чадахгүй. Үүний амьд нотолгоо бол Алла Ильинична Левушкина хэмээх Оросын Рязань хотын бүдүүн гэдэсний мэс засалч эмэгтэй юм.
Өнгөрсөн тавдугаар сард 92 насыг зооглосон энэ эмэгтэйн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
Алла Ильинична 1927 оны тавдугаар сарын 5-нд Рязаньд багш, ойн цагдаагийн гэр бүлд төржээ. Төрөл төрөгсдөөс нь авга эгч нь дотрын эмч байсан ч тэр охиныг анагаах ухаанд дурлахад нь нөлөөлөөгүй гэдэг. Тэгээд ч тэрбээр ийм мэргэжилтэй болъё гэж шууд л шунан дурлаагүй юм. Бага залуу байхдаа Алла геологич болохыг мөрөөддөг байжээ. Түүнийг аялал, хүнд бэрхшээлийг байнга даван туулах боломж сонирхлыг нь ихэд татдаг байв. Харин нэг ном уншаад л бүх зүйл өөрчлөгджээ.
“Би Викентий Вересаевын “Эмчийн тэмдэглэл” номыг уншсан юм. Энэ зохиол миний сонирхлыг ихэд татсан болохоор л би эмч болохоор шийдсэн. Тэгээд ч эмч гэдэг бол өвчтөний өвчин, өөрийнхөө ядрал гээд бас л хүндрэл бэрхшээлийг даван туулдаг, үргэлж шинэ зүйлд суралцдаг мэргэжил шүү дээ” хэмээн Алла Ильинична Левушкина ярьжээ.
Дайны хүнд жилүүд, дайны дараах үе ч ирээдүйн мэс засалчийн мөрөөдөлд саад болсонгүй. Ялалтын 1945 онд сургуулиа төгсмөгцөө Алла Ильинична Москвагийн анагаахын сургуульд элсэхээр иржээ. Гэтэл их сургуульд зөвхөн нийслэлийн оюутнуудыг авдаг гэсэн мэдээ түүнийг гонсойход хүргэсэн байна. Цаг хугацааг алдахгүйн тулд охин Багшийн сургуульд элсэж, жилийн дараа дахин Москвад иржээ. Бүртгэлээ ч хийлгээд авч.
Алла Ильинична сурч байсан үеэ халуун дотноор дурсдаг. “Тэр үедээ би ямар их хайртай гээч. Дайны дараах эхний жилүүдэд маш их өлсдөг байлаа. Оюутан бид арайхийн л амь зогоодог байлаа шүү дээ. Харин хоёр жилийн дараа бүх зүйл сайхан болсон. Талх ч хүрэлцдэггүй байсан бол бялуу хүртэл гарах болсон юм. Залуу охид л болсон хойно, бид бас амттан эргүүлдэх дуртай. Танхайран тэнүүчилж, трамвайгаар туулайчилж, хэмнэсэн мөнгөө амттанд үрдэг байлаа. Биднийг хяналтынхан барьж аваад л сэргийлэхэд хүргэж өгнө шүү дээ. Сэргийлэхийнхэн болохоор “Дахиад л бялууныхаа мөнгийг гаргаж авсан уу. За, гэр лүүгээ харьцгаа” гэнэ” хэмээн Алла дурсчээ.
Алла охин гуравдугаар курст байхдаа ирээдүйн ЗСБНХУ-ын Эрүүл мэндийн сайд, алдарт мэс засалч Борис Петровский дээр дадлагажих завшаан тохиосон юм. Жижигхэн турьхан биетэй оюутан охин мэс заслын ширээн дээр хүрэхийн тулд мухар сандал авч орохоос өөр аргагүй болно. Одоо ч тэр доороо юм тавьж зогсдог хэвээр. Ямар сайндаа л хамт олон нь Алла Ильиничнагийн сандлыг “сүйх тэрэг” хэмээн хошигнож, мэс заслын өмнө “Сүйт тэрэг бэлэн боллоо” гэж хэлэх боломжийг огт алдахгүй.
Алла Ильинична их сургуулиа дүүргэсний дараа Тувад гурван жил ажиллажээ. Нутгийн гүнд ажиллах нь хүнд бэрхээрээ түүнийг сонирхлыг татаж байлаа. Гэсэн ч тэр Рязаньдаа эргэн ирсэн юм. Тэгээд эрүүл ахуйн агаарын тээвэрт ажилд орж, үүгээрээ алс бөглүү суурингуудад эмч нарын дутагдлын асуудлыг шийдвэрлэж байлаа. Алла Ильинична тэр үед арвин их туршлага олж авсандаа ихэд талархдаг. Мэс засал хүнд бөгөөд заримдаа талбайд, саравчинд ч хийх хэрэг гарна. Харин нэг удаа сүрэг чонын дундуур явсаар өвчтөн дээрээ очиж байсан түүхтэй.
“Онгоц талбай дээр эргэлдээд л, огт бууж өгдөггүй. Тэгтэл нисгэгч сүрэг чоно харсан юм билээ. Эргэн тойрон зэлүүд байхад буухгүй юм уу гэхэд “Эмч ээ, би таныг чонон дунд буулгаж чадахгүй нь ээ” гэж нисгэгч хашхирч билээ. Би ч “Онгоцоо буулга. Над руу юу ч дайрахгүй” гэсэн. Нисгэгч ч надад захирагдахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч өвчтөн хүлээж байгаа, яаралтай хагалгаатай шүү дээ. Бид ч бууж, эрүүл ахуйн машин дөхөж ирсэн. Би чононуудаас байдаггүй юм. Чоно хэзээ ч түрүүлж дайрдаггүй. Тэгээд ч зүв зүгээр байхад нь тэднийг гомдоочихдог болохоор чононуудыг өрөвддөг юм” хэмээн Алла Ильинична Левушкина өгүүлжээ.
“Залуу анагаахын ажилтан”-ы хатуу ширүүн сургуулийг төгссөн Алла Ильиничнад бүдүүн гэдэсний мэс заслын курст суралцах санал иржээ. Зөвлөлтийн үед цоо шинэ энэ мэргэжлийг хэн ч хүсэхгүй байлаа. “Чи өндрөөрөө яг тохирно” хэмэн хамт олон нь хошигнодог байв. Ингээд дөрвөн сарын дараа энэ муж дахь бүсдээ цорын ганц мэргэжилтэн нь болж, энэ мэргэжлээрээ 67 жил гаруйн хугацаанд ажиллажээ. Алла Ильинична болон түүний хамт олны ачаар Рязанийн нэгэн эмнэлгт Бүдүүн гэдэсний анхны хэлтэс нээгджээ.
Алла Ильинична 10 мянга гаруй хагалгааны ард чадсан гэдгээрээ өнөөдөр эмнэлгийнхээ жинхэнэ домог болж чадсан байна. Энэ турьхан эмэгтэй ажилдаа таксигаар явдаг (тэгэх ч гавьяатай гэж ярьдаг). Тэгээд л эмнэлэг рүүгээ аажуухан алхалсаар орж ирнэ. Харин гар, оюун ухаан нь одоо ч хэвээр байдагт залуу хамт олон нь ч атаархмаар. Ажлын өдөр эхлэхэд л түүний өрөөний дэргэд цөөнгүй өвчтөн дугаарласан байх аж. Эмчээс анх удаа зөвлөгөө авахаар ирсэн өвчтөнүүд эхэндээ түүний нас сүүдрээс болж айж түгшиж байсан бол үзлэгийн эхний минутад л тэр түгшүүр нь арилчихдаг. Гиппократын гэрээслэлийн дагуу Алла Ильинична хамгийн түрүүнд өвчтөний амь насыг мэргэжлийнхээ тэргүүнд тавина. Хамт олон нь татгалзсан хүнд тохиолдлыг тэр өөр дээрээ авах нь цөөнгүй. Ийм хүнд хагалгаануудын нэгнийх нь үр дүнд өвчтөн эмэгтэйн амь нас аврагдаж, дараа нь хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон гэдэг.
Алла Ильинична мэргэжлээрээ өвчилж амьдардаг гэхэд болно. Тэгээд ч ажил нь түүнд эрч хүч өгдөг гэнэ.
“Би яг л уралдааны морь шиг. Эмнэлэг рүү явж байхад хөлөө арайхийн зөөсөөр л орно. Харин хагалгааны өрөөндөө ормогц л шууд өөрчлөгдөж, бөөн эрч хүч авдаг. Хагалгааны үеэр огт ядардаггүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Алла Ильиничнагийн хөдөлмөрийг үнэлж, 2014 онд Бүх Оросын “Авьяас билиг” шагналын “Мэргэжилдээ үнэнчийн төлөөх” номинацийн шагналыг олгожээ. Гэхдээ Левушкина эмч хамгийн том шагналаа эрүүл болсон өвчтөнүүдээ гэж урьдын адил үздэг. “Хийж буй ажилдаа дурлах хэрэгтэй. Бас хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Хэдийгээр би амьтдад илүү хайртай гэж үргэлж бодож ирсэн ч өвчтөнүүдээ хайрладаг юм. Бүгдийг нь шүү” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Эх сурвалж: www.adme.ru
7 comments
Gaihamshig. Chin unenech setgel
aguu xyn iim bdag
үнэхээр агуу хүн байнааа, сайхан юмаа
Ёстой мундаг юм аа. Мэргэжилдээ дурлана гэдэг энэ л байх
ene hynii tuhai Kino baidgiig yzsen. nileed yaduu amidraltai ach hyygee osgoh ajiltai um bilee.
jinhen aguu emee baina daa
үнэнч сэтгэл.