Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио дахь эзэн хааны ордонд болж байна. Тус улс нь эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй энэхүү баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Мөн энэ өдөр нийслэлдээ баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис хар салхи болсонтой холбогдуулан жагсаалыг ирэх сарын 10-ны өдөр болгон хойшлуулжээ.
Одоогийн эзэн хаан Нарүхито нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нд тус улсын эзэн хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлсэн. Эзэн хаан амьд сэрүүндээ хаан ширээнээсээ өөрөө буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй ба эзэн хаан Нарүхитогийн эцэг Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас ийнхүү хүүдээ хаан ширээгээ шилжүүлсэн юм.
Гадаад дотоодын нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй уг ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Энэ мөнгө ёслолын аюулгүй байдал, харуул хамгаалалт, гадны зочдыг хүлээн авах, байрлуулах зардал зэрэгт зарцуулагдаж байгаа аж. Уг төрийн ёслолын аюулгүй байдлыг хангахаар нийт 26 мянган цагдаагийн албан хаагч дайчлагджээ.
Эзэн хаан Нарүхито ордны гурван сүм дуганд очиж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн ёслол үйлдсэний дараа хатан Масако тусдаа ёслол үйлдэн түүнийг дагалдаж байна. Үүний дараа ордны гол танхимд Нарүхито эзэн хааны ёсоор үг хэлж, хаан ширээ залгамжилж буйгаа зарлан тунхаглах ба дараа нь Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд баяр хүргэж, урт удаан наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээг дэвшүүлнэ. Харин үдээс хойш олон улсын зочид төлөөлөгчдийн хамт хүндэтгэлийн зоог барин, баярын арга хэмжээ хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: NHK, KYODO