Японы шинэ эзэн хаан Нарухито өнөөдөр хаан ширээнд заларч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар 550 мянга орчим хүнд өршөөл үзүүллээ. Өршөөлийг Засгийн газрын 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу үзүүлж байна гэж Японы үндэсний олон нийтийн телевиз мэдээлжээ.
Өршөөлд хорих ангид ял эдэлж байгаа эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдахгүй харин хөнгөн гэмт хэргээр өмнө нь шийтгэгдсэн хүмүүсийн эрхийг сэргээх аж. Тэдний 82.5 орчим хувь нь зам тээврийн осолтой холбоотой хэргээр шийтгүүлсэн байна. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн ердөө 3 гаруйхан хувь нь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлжээ.
Японд 1990 онд өмнөх эзэн хаан Акихитог хаан ширээнд заларсныг тохиолдуулан өршөөл үзүүлж байв. Акихито энэ жил хаан ширээгээ хүү Нарухитодоо сайн дураараа шилжүүлсэн билээ. Тухайн үед 2.5 сая хүн өршөөлд хамрагдсанаас заримынх нь ялыг хөнгөвчилж, заримынх нь ялыг хүчингүй болгосон байна.
Японы эзэн хаан Нарухито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан юм. Гэвч хаан ширээнд залах ёслол өнөөдөр болно. Уг ёслолд 174 орны 2000 орчим зочид төлөөлөгчид оролцоно.