Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын эхээр авах Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус шалгалтын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 30-нд дуусна. Харин шалгалтыг ирэх сарын 11-нд улс даяар эхлүүлэх юм.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын тестийн номын тухай өөрчлөлт орсон. Өмнө нь бид бэлэн тестийг хариутай нь бэлдээд өгчихдөг байсан. Тэгээд тестээ цээжилсэн залуус нь шалгалтдаа нэгдүгээрт гараад ирдэг. Гэвч ажил дээр гарахаараа ажиллаж чаддагүй. Ингээд төрийн албыг буруушаадаг, нэр хүнд нь унадаг. Тиймээс бид шинээр гаргаж байгаа номондоо жишиг тестийг оруулдаг болсон” гэсэн юм.
Мөн өмнөх хуулиар нөөцөд бүртгэгдсэн иргэд шууд ажилдаа томилогддог байсан бол Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр шалгалтдаа тэнцсэн залуус нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг зохицуулалт хийжээ.
Түүнчлэн төрийн байгууллагуудад хийдэг шалгалтын тухай нэмж мэдээлэв. Сүүлд хоёр яаманд шалгалт хийсэн бөгөөд ойрын хугацаанд дахин хоёр яам, орон нутагт нэг байгууллагад шалгалт хийхээр зэхэж байгаа гэнэ. Гэхдээ шалгалт хийх газрыг зарлаж болдоггүйг учирлалаа.
Эх сурвалж: Eagle.mn