Арван секунд. Энэ хугацаа таны амьдралд хэр үнэ цэнтэй вэ. Жаргалтай нэгэнд хэзээ ч анзаарахгүй аравхан секунд. Харин аминаасаа хайртай үрээ, ижий ааваа, амраг хань, ахан дүүгээ алдсан нэгэнд насан туршийн харуусал, ухраахыг хүссэн арван секунд…
2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 430 хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн ард 430 айл хагацлын зовлон амссан гэсэн үг. Тухайлбал, энэ сарын 19-ний өдөр Ар гүнтийн давааны орчим Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амиа алдав.
Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал “Ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барсан.
Мөн 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Хэргийн газар Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллаж, жолооч “Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэж мэдүүлэг өгөөд байгаа. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. Мөн тухайн тээврийн хэрэгслийг оношилгоо, үзлэгт оруулж байж жолоочийн мэдүүлэг үнэн эсэхийг тогтооно” гэлээ.
Жолоочийн “Автобус огт тоормосгүй болсон” гэх мэдүүлгээс харахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал алдагдсан гэсэн үг. Хамгийн харамсалтай нь яг ийм шалтгаан зам тээврийн ослын дийлэнхийг эзэлж байна. Бид өөрийн болоод өрөөлийн аминд ийм л хайнга хандаж байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 18,131 зам тээврийн осол гарсан гэж Тээврийн цагдаагийн газар бүртгэгджээ. Үүний 86.9 хувь нь Улаанбаатар, 13.1 хувь нь орон нутагт гарсан осол байв. Харин ослын улмаас нас барсан иргэдийн дийлэнх буюу 77.2 хувь нь орон нутгийн замд өөд болжээ. Бидэнд хэзээнээсээ л засаж анхаармаар муу зуршлууд байдаг. Үүний нийтлэг зуршил нь хотоос гарсан даруйдаа хурдаа нэмдэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд явдагтай шууд холбоотой.
Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд, орон нутгийн замд гарсан осолд жолооч, зорчигч амь насаа алдаж байгаа бол нийслэлд бүртгэгдсэн ослын улмаас явган зорчигчийн амь нас ихээр хохирчээ. Энэ нь нийслэлчүүд бид гарцгүй газраар зам хөндлөн гардагтай шууд холбоотой.
Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон шалтгааныг үзвэл (энэ оны эхний есөн сард),
Согтуу жолоочийн буруугаас 108 хүн,
Жолооч хурд хэтрүүлснээс болж 102 хүн,
Анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцож, автомашин онхолдсоноос 189 хүн,
Мотоциклийн ослоос болж 83 хүн тус тус амиа алджээ.
Амь насаа алдсан хүмүүсийн хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг харвал, 34.7 хувь нь зорчигч, 37.4 хувь нь жолооч, 27.8 хувь нь явган зорчигч байна. Харин нийт гэмтсэн хүний 70.9 хувь нь хөнгөн зэргийн гэмтэл, бэртэл авсан бол 29.1 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтжээ.
ОН ГАРСААР 52 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАВ
Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхэд өртсөн 571 зам тээврийн осол бүртгэгдэж, 591 хүүхэд гэмтэж бэртсэн бол, 52 хүүхэд амиа алдсан харамсалтай тоо гарлаа. Амиа алдсан хүүхдүүдийн 42 нь орон нутгийн замд осолдсон бол 10 нь нийслэлд зам тээврийн осолд өртжээ.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ганц л арга бий. Энэ бол эцэг эх, жолооч нар хүүхэд тээвэрлэж яваа гэдгээ ухамсарлаж замын хөдөлгөөнд оролцох явдал. Мөн хүүхдийн зориулалтын суудал, “Хүүхэд зорчиж байна” зэрэг наалт нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг албаныхан дахин дахин хэлж байна.
Зам тээврийн хөдөлгөөнд дураараа биш, дүрмээрээ оролцъё гэж уриалсаар байтал иргэд, жолооч нар хайхрахгүй байна. Ганцхан олдох амьдралаа хагацлын гашуун нулимсаар дүүргэж, элэг бүтэн амьдрах эрхээ өөрөө хассаар. Хэдхэн секунд тэвчээд өнгөрөх асуудлыг яарч байна, ажилтай байна гэсэн шалтгаанаар халхалж, эцэстээ өөрийн болоод өрөөлийн амьдралыг өнчрүүлж байна.
Нэг л зүйлийг маш сайн ойлго. Зам тээврийн ослыг зөвхөн та л зогсоож чадна. Үүний тулд суудлын бүсээ тогтмол зүү, замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа бүү оролд, тээврийн хэрэгслийн хурдаа тохируул, явган зорчигчийг хүндэл, бүү уралд, зайгаа барь. Ийм л энгийн дүрмийг баримталж, биелүүлж чадвал аюулт ослыг тойроод гарна. Мэдээж хурд нэмэгдэх тусам осол гарах эрсдэл ихэснэ.
50 км/ цагийн хурдтай явахад амиа алдах эрсдэл 25 хувь. 80 км/цагийн хурдтай явахад амиа алдах эрсдэл 60 хувьтай болдог гэдгийг албаныхан үргэлж сануулдгийг санацгаая.