Ерөнхий боловсролын хувийн сургууль, цэцэрлэгүүд хүүхэд тус бүрээс жил бүр их хэмжээний төлбөр авдаг ч үүндээ сэтгэл нь ханадаггүй, улсын төсвийн бөөрөнд хачиг шиг шигдэн хувьсах зардал авч, ашиг орлогоо нэмэгдүүлдэг баримтыг updown.mn сайт цувралаар хүргэж байгаа.
Боловсролын салбарыг дотор нь төрийн болон хувийн хэвшлийн хэмээн хоёр ангилуулж, Боловсрол эрхэлсэн төрийн байгууллага, эцэг эхийн саналыг үл харгалзан өөрсдөө дур мэдэн тогтоож дээд тал нь хотын төвийн хоёр өрөө байрны үнэд хүргэж чадсан хувийн сургууль, цэцэрлэгүүдэд 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвөөс 36.7 тэрбум төгрөгийг хувьсах зардал нэрийн дор авсан байгаа.
Төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан гэх мэт ашиглалтын төлбөртөө өгөөд таардаг бол хувийн сургуулиудын хувьд хувьсах зардал нь эздэд ашиг болон очдог. Ийм тэнцвэргүй, эсрэг тэрсэг боловсролын тогтолцоо бий болсон байхад Боловсролын яам ч, Засгийн газар ч хувийн сургуулиудыг хувьсах зардлаар тэжээсээр л байдаг.
Төрийн бус өмчийн сургуулиуд хөгжих ёстой гэвэл тийм. Хэдэн тэрбумаар хэмжигдэх орлогоор санхүүждэг эдгээр сургуулиуд улсын төсөвт татвар төлөхөд ч болохгүй юмгүй. Ашгийн төлөө аж ахуйн нэгжүүд шиг төлбөр хуримтлуулж суудаг энэ сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардал олгож, тэтгэх нь төрийн өмчийн сургуулиудын дархлааг сулруулсан, үнэлэмжийг буруулах байдал руу түлхэж байгаа нь бас үнэн.
Төрийн өмчийн сургуулийг үнэгүйдүүлсэн энэ бизнесийн эзэд бол Монголын улс төрд нөлөөтэй, нийгэмд танигдсан улстөрчид юм. Энэ удаа Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Амаржаргал болон МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын сургууль, цэцэрлэгийн бизнесийг дэлгэж байна.
Р.АМАРЖАРГАЛ НАРЫН ЭРХЭМ БАЯН ЭРДЭМ ДУНД СУРГУУЛЬ
Бид төгсөгчдөө 21-р зууны цогц мэдлэгтэй, өндөр идэвхи санаачлагтай, бүтээлч чадамжтай энтрепренер сэтгэлгээтэй иргэн болгохыг эрхэмлэн ажиллана. Бид сайн засаглал, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх үйлсийг үлгэрлэн оройлогч байхыг цаг ямагт эрхэмлэнэ гэсэн сайхан уриатай энэ сургууль Санхүү, эдийн засгийн их сургуулийн дэргэдэх дунд сургууль юм.
Санхүү эдийн засгийн их сургууль нь харин Ерөнхий сайд Р.Амаржаргал, Ц.Даваадорж, Д.Батжаргал, Ж.Батхуяг нарын өмч гэдгийг Та доорх баримтаас харж байна.
Тус сургууль 1997 онд хувьчлагдсан. Түүх сөхвөл 1996 онд Засгийн эрхийг авсан Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар 1997 онд 160 дугаар тогтоол баталсан байдаг. Ингээд энэ онд Төрийн өмчийн хороо мөн 275 дугаар тогтоолыг үндэслэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг хувьчлах туршилтын төслийг хэрэгжүүлж, сургуулийн хувь заяа эдний гарт очсон. Тус сургуулийн төлбөр өндөр. Сургалтын төлбөрийн орлого мөн л тэрбум, тэрбумаар хэмжигдэнэ.
СЭЗИС-ийн албан ёсны сайт дахь баримтаас…
СЭЗИС-ийн эзэд 2014 онд “Эрхэм баян эрдэм” дунд сургуулийг нээсэн байгаа. Сургуулийн вэб сайтад (2019.10.22) өнөөдөр сургуульд суралцагчдын тоог 122 хэмээн мэдээлэл байршиж байна. Гэвч сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 234 хүүхэдтэй гэсэн мэдээллийг өгч, 81 сая төгрөгийг хувьсах зардалд авчээ. Энэ хоёр тооноос 112-ын зөрүү гарч байгааг уншигч та харсан байх.
Хувийн сургууль, цэцэрлэгүүд БСШУ-ны яам руу хүүхдийнхээ тоог нэмж бичиж явуулаад илүү мөнгө авдаг баримтууд хяналтын байгууллагууд дээр очсон байдаг. Хүүхдийн тооны хувьд сургуулийн албан ёсны цахим хуудас худал мэдээлсэн үү, сургуулийн эзэд БСШУ-ны яаманд худлаа тоо өгсөн үү гэдэг асуулт эндээс бас үүсч байгаа юм.
Сургуулийн дэргэд мөн хувийн цэцэрлэг бий. “Хасгэрэл” цэцэрлэг нь 2014-2015 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлж, багш, ажилчид болон оюутнуудын хүүхдүүд голчлон хамрагддаг гэсэн мэдээлэл мөн вэйб сайт дээр нь байршиж байна. ҮҮнээс гадна цэцэрлэгийг 60-70 хүүхдийн багтаамжтай гэжээ.
Харин БСШУ-ны яамны хувьсах зардлын жагсаалтаас энэ цэцэрлэг 80 хүүхэдтэй гэсэн мэдээллийн дагуу 2018-2019 оны хичээлийн жилд 57.6 сая төгрөгийг хувьсах зардалдаа авчээ. Их сургуулиасаа бас дунд сургуулиасаа ашиг харж байгаа эзэд цэцэрлэгийн хүүхдийн тоон дээр 10 хүүхэд нэмэх хэрэгтэй байсан уу. Ийм замаар улсын төсвөөсөө зулгаах нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнд хэр зохимжтой юм бол?
СЭЗИС-ийн албан ёсны сайт дахь баримтаас…
Б.БАТ-ЭРДЭНИЙН АВАРГА АХЛАХ СУРГУУЛЬ
Хүүхдийн авъяас чадварыг багаас нь илрүүлж, спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болгон төлөвшүүлдэг олон улсын туршлагыг харгалзан байгуулсан спорт, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль. Тив дэлхий, Опимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг тамирчин төрүүлэх суурь болно хэмээн тодорхойлсон энэ ахлах сургууль бол УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнийнх гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэх байх.
Аварга нэртэй дээд болон дунд сургуультай Б.Бат-Эрдэнэ мөн л боловсролоор бизнес эрхлэгчдийн нэг. 2018-2019 оны хичээлийн жилд Аварга ахлах сургууль нь 221 сурагчтай гэсэн тоог БСШУ-ны яаманд өгч улсын төсвөөс 101 сая 948 мянган төгрөгийг авсан байгаа. Ийм замаар тэрбумын орлоготой хувийн сургуулийн эзэд, улстөрчид жил бүр улсын төсвөөс дээд тал нь тэрбум, түүнээс багадаа хэдэн зуун саяыг халааслаж байхад энгийн иргэд оношилгоо, шинжилгээ ч хийлгэж чадахгүй хорт хавдраар зуу зуугаараа үхэж байна.
Хувийн сургуульд байх ёстой. Энэхүү нийтлэлээр хувийн сургуулийг огт үгүйсгээгүй. Эсрэгээр улс төрөөр дамжин нийгэмд танигдаж, түүнийхээ үр дүнг хүртэж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж, УИХ-д сонгогдсон тэднийг чадан ядан хүргэдэг улсын төсөв, хувьсах зардлаас ухаалгаар татгалзах саналыг тавьж буй болно.
Жилдээ тэрбумын орлоготой олдог эзэд хэдийг хүртэл улсын төсөв рүү илүү харж “хувьсах зардал” нэрээр хөрөнгө хумсалж суух гээ вэ?
Монгол Улсын төсвийг үр ашигтай, хэрэгтэй зүйлд зарцуулах зайлшгүй шаардлагууд олон бий. Наад зах нь цаг уур, орчны бохирдлоос болж жилдээ хэдэн мянган иргэн хорт хавдраар өвчилж байна. Улсдаа ганц Халдвар судлалын үндэсний төв ачааллаа даахгүй, шинэчлэнэ, өргөтгөнө гэхэд 15-16 тэрбум шаардлагатай болсон байгаа.
Нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй, төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан гэх мэт ашиглалтын зардалаа төлөөд оршин тогтноод болж байна. Тэдэнтэй зэрэгцээд үйл ажиллагаа явуулж байгаа ашиг орлого нь тодорхой хувийн сургуулийн эзэд хувьсах зардалгүй бол дампуурчихна гэж үгүй.
Орлогоо ашгийн төлөө аж ахуйн нэгж зарцуулдаг эдгээр сургуулиуд энэ жилийн хувьсах зардлаа ХӨСҮТ-дээ хандивлаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ үү!
Үргэлжлэл бий…
Д.ЖАРГАЛАН
7 comments
Энэ маш зөв асуудлыг хөнджээ. Энэ асуудлыг Оюунхорол санаачилж их хурлаар хэлэлцүүлсэн санагдаж байна. Хувийн сургууль цэцэрлэг ашиг олж байгаа ашгийн байгууллага, тийм учраас улсад татвар төлж байх учиртай. Эд нарт улсаас өгч байгаа хувьсах зардлын мөнгөөрөө улсын сургууль цэцэрлэг барьж хангалтыг сайжруулах нь зүй. Тэгээд хангалттай болсон үед эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хувийн цэцэрлэг сургуульд өгөхгүй, энэ үед үнэхээр мөнгөтэй хүүхдээ хувийн сургуульд өгнө биз, тэр чөлөөтэй.
зөв асуудал хөндөж тавьсан байна мөнгө өгөх биш татвар авах ёстой
yyl yyrhaigaas hamaagyi deer syrgyyli hynii oyun yhaand demjij olon saihan sabi nar beldej olon hyn chalinjuulaj ajillaj bna!ene yunii byryy gej?haa ch iim l baidag ter kapitalizm hegjsen byh oron neg iimerhyy yynees ch iluu baina!
sanhuu togsogchid ooo ter haraal idsen 81 say togrogiig ni ene guilagchin tord gargaad ogchihyoo. Sanhuu togsogch nar ene ulsiin hubi hubisgaliin buh salbart manlailj yavdgiin shdee. Kkkk
Ц.Даваадорж гэж ямар хүн бн? МУИС-д захирал байсан мөн үү
Халзан ганболдын аав
Энэ маш зөв асуудлыг хөнджээ.Хувийн сургууль цэцэрлэг ашиг олж байгаа ашгийн байгууллага, тийм учраас улсад татвар төлж байх учиртай. Эд нарт улсаас өгч байгаа хувьсах зардлын мөнгөөрөө улсын сургууль цэцэрлэг барьж хангалтыг сайжруулах нь зүй. Тэгээд хангалттай болсон үед эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хувийн цэцэрлэг сургуульд өгөхгүй, энэ үед үнэхээр мөнгөтэй хүүхдээ хувийн сургуульд өгнө биз, тэр чөлөөтэй.