Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.21) Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, улмаар шүүхэд шилжүүлээд байсан юм.
Харин өнөөдөр З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас шүүх хурлыг хойшлуулахаар болсон. Тэгвэл түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид хорихоор авч явсан талаар мэдээллээ. Тэрээр өмнө нь анхан шатны шүүхээс татгалзаж байсан бол энэ удаад ерөнхий шүүгчээсээ татгалзсан нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шалтгаан нь болсон аж. Өөрөөр хэлбэл, ЭХХШТХ-ийн 7.9 1.4, 7.9.2-т заасныг үндэслэж хорьсон байна.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан бол Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.