Баянхошуу дэд төвийн 1000м3 хүчин чадалтай усан сан өнөөдөр ашиглалтад орлоо. Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү өнөөдөр бүрэн дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах үүднээс хотын шинэ дэд төвүүдийг байгуулж байна. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, барилгажуулах, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай амьдрах орчныг хангах бодлогуудын хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх боломж нь бүрдэж эхэллээ. Усан санг бариж ашиглалтад оруулсан төслийн багийнхан болон гүйцэтгэгчээр ажилласан аж ахуйн нэгж компанид талархал илэрхийлье” хэмээлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 71.61 хувьтай хэрэгжиж байна. Цаашид төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд, гуравдугаар үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.