ОХУ-д террорист халдлага үйлдэх гэж байгаа тухай мэдээллийг АНУ саяхан Оросын талд өгсөн талаар Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников мэдээлжээ. Түүний хэлснээр, талууд төлөвлөсөн халдлагын талаар мэдээлэл солилцож буй юм байна.
Бортников “Саяхан манай нутаг дэвсгэр дээр халдлага үйлдэхээр төлөвлөж буй хүмүүсийн талаар АНУ-аас мэдээлэл өгсөн” хэмээн хэлснийг “РИА Новости” агентлаг уламжилжээ. Тэрбээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ОХУ-д он гарснаас хойш 39 террорист халдлага үйлдэхээр төлөвлөгдөж байсныг таслан зогсоож чаджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 оны сүүлээр АНУ-ын Тагнуулын төв газраас дамжуулж өгсөн мэдээлэлд талархаж буйгаа Америкийн түнш Дональд Трампад илэрхийлжээ. Тухайн үед Санкт-Петербургт бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсан террористуудыг олоход АНУ тусалсан байна.
Эх сурвалж: RT