Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хууль батлахад хариуцаж байгаа байнгын хороо, ажлын хэсгүүд байж байх шаардлагатай шүү. Цаашид анхаараарай. Засгийн газрын гишүүд ч мөн адил. Энэ Засгийн газрын гишүүд юманд их эмзэг байх юм хүмүүстэй ингэж хандаж харьцах юм.
Энэ хуультай санал нийлэхгүй хүмүүс байна. Жишээ нь бидэнд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчдийн холбооноос бичиг ирсэн. Энэ Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай гэсэн байна. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль байдаг. Үндсэн хуулийн цэцээр 30 гаруй удаа орсон хууль л даа. Б.Бат-Эрдэнэ гишүүний асуусан асуулт энэ хуулийн төслийг боловсруулах үеэр зөндөө ярьж, хэлэлцүүлгүүд ч өрнүүлсэн. Ер нь бол Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуультай улс байхгүй. Бүх шүүгч бүрэлдэхүүнд орохоо байсан. Мөн прокурорууд нь ордоггүй. Ер нь бол хуулийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нэг дээвэр дор, нэг хуулийн дор амьдарна гэсэн зүйл угаасаа байдаггүй. Үндсэн хуулийн алтан зарчим бол эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн бие даасан байдал.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Хуульчдын холбооноос энэ хуулийг төслийг хойшлуулъя, учир дутагдалтай зүйл байгаа гэдгийг хэлсэн гэж сая Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Аргагүй ээ. Манайд хуульчид, өмгөөлөгчид, прокурор, шүүгчид нь бүгд Хуульчдын холбооны нэг дээвэр дор багтчихсан. Хооронд нь эрх ашгийн зөрчил ч бий. өмгөөлөгчид нь өмгөөллийн холбоогоо байгуулж олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой. Үүнийг ч шинэ хуульд тусгасан гэж ойлгож байгаа. хууль хяналтын байгууллагуудаас халагдсан хүмүүс өмгөөлөгч болдог. Энэ нь эргээд прокурор, шүүгчид нөлөөлж шударга бус шүүх засаглал бий болох, тухайн хэрэг бүдгэрэх зэрэг тохиолдлууд практикт бий. үүнийг Өмгөөллийн тухай хуулиар засаж ажлаасаа гарсан хүмүүс өмгөөлөгч болгохгүй байх зохицуулалтыг энэ хуулиар хийж байгаа юм байна. Энэ хуулиар иргэн хүн анх удаагаа өөрийгөө өмгөөлөх эрхийг хуулиар олгож байгаагаараа онцлог. Энэ мэтчилэн уг хуулийн төсөлд сайн талууд олон харагдаж байна.
Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар:
Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэн хүний хувьд санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Энэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орно. Энэ нь өмгөөлөгч болох ур чадвар, хандлага зэргийг нь шалгах шалгалт. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгоно. Ингэснээр төрөөс хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэнэ.