УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ (2019.10.17) “Бид уучлахгүй” хөдөлгөөнтэй хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн юм.
Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж байсан.
Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авч, дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг хойшлуулсан талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзэж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжилж байгаагаа энэ үеэр танилцуулав. Тэд эдгээр хуулийн өөрчлөлтийг хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хариу авсан байна. УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт “Бид уучлахгүй” хөдөлгөөний саналыг тусгуулахаар албан бичиг хүргүүлсэн гэсэн хариу өгчээ.
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад ашиг сонирхлын зөрчил үүсэх, батлагдахгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас хуулийн өөрчлөлтийг хийхэд олон нийтийн дэмжлэг чухал байгааг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн хэллээ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэдгийг тодотгосон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.