Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хамгийн их тусламж дэмжлэгийг Япон улс үзүүлсэн байдаг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учраад байна. Гурав дахь хөршдөө тохиолдсон байгалийн энэ бэрхшээлийг даван 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Энэ сарын 15-ны байдлаар “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртээд байгаа юм. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байгаа гэсэн мэдээлэл байна.
Энэхүү хар шуурга нь Японд 1958 оноос хойш Японд тохиож буй хамгийн хүчтэй шуурга ажээ.