Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна.
Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4,539 бүртгэгдэж, 3,380 хүн гэмтэж, 1,548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Дураараа бишээ ДҮРМЭЭРЭЭ” нэгдсэн аяныг зохион байгуулж байна.
Намрын налгар өдрүүдэд хүүхдүүд гадна талбайд тоглох нь элбэг. Үүнийгээ дагаад хороолол доторх хөдөлгөөн ч нэмэгддэг талтай. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр гэрийнхээ гадна тоглож байсан найман настай охиныг автомашин ухрах хөдөлгөөн хийж байхдаа мөргөж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай осол болжээ. Одоогоор охин ослын улмаас хүнд бэртэл авч ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Жолоочийн хувьд тухайн охиныг мөргөсөн гэдгээ мэдэлгүй урагш хойш хөдөлгөөн хийжээ. Харин уг ослыг харсан гэрч жолоочид хэл дуулгаснаар жолооч хөдөлгөөнөө зогсоож улмаар охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ мэт жолооч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд гэрийнхээ гадна, хороолол дотор автомашинд мөргүүлэн хүнд гэмтэл авах цаашлаад амь насаараа хохирсоор байна.
Хүүхдийн тоглож байгаа орчин нь замын хажууд байдаг. Тиймээс жолооч тээврийн хэрэгслээ асаагаад зорчих хөдөлгөөн хийж эхэлсэн л бол анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хороолол доторх замд бол явган зорчигч давуу эрхтэй байдаг учир зам тавьж өгөх, сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох нь жолоочийн үүрэг юм.
Жолооч нарын хувьд хурд хэтрүүлвэл, үзлэг оношилгоондоо ороогүй бол арга хэмжээ тооцогдоно гэсэн хуулиудаа л мэддэг. Харин гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, хороолол дотор зорчиж буй явган зорчигчид зам тавьж өгөх гэх мэт явган зорчигчруу хандсан уулийн мэдлэг тааруухан байгаа нь ажиглагдаж байна.