Монголд амиа хорлох үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байна. Бас залуужиж байна. 1992 онд 200 орчим хүн амиа хорлож байсан бол, түүнээс хойш тасралтгүй нэмэгдсээр өнгөрсөн жилийн байдлаар 500 гаруй хүн амиа хорложээ. Гэхдээ эдгээр амиа хорлосон хүмүүсийн 90 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэдэг нь тогтоогдсон байна. Хамгийн харамсалтай нь, амиа хорлогчдын 80 орчим хувь нь өсвөр насны охид гэнэ.
Бид Сэтгэцийн эрүүл мэндийн Дэлхийн өдрийг тэмдэглээд дөрөв хонолоо. Гэтэл энэ хугацаанд хоёр ч эмэгтэй амиа хорлохыг завдав. Уг нь өнөө жил дэлхий нийтээрээ амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд анхаарахаар болсон. Яагаад ингэв гэхээр дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог болчихжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар манай бөмбөрцөгт сэтгэл гутрах эмгэгтэй 300 гаруй сая хүн бий гэнэ. Манай улс ч гэсэн “Амьаврах 40 секундын үйлдэлд нэгдэцгээе” уриалгыг хүлээн авч нэгдсэн байна. Сэтгэл гутрах гэдэг энэхүү эмгэг нь голдуу залуу насанд тохиолддог бөгөөд залуусын өвчин ч гэж нэрлэж болохоор ажээ. Сэтгэл гутралд автаж, амиа хорлохыг завдсанаар удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдан нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэй юм. ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүн тутамд амиа хорлож буй тохиолдлын тоогоороо манай улс зургаадугаарт жагсчээ. Харин сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеландын дараа гуравдугаарт орсон байна. Мөн сэтгэцийн өвчний тархалт ихтэй бүсийн 15 орноос долдугаарт Монгол оржээ. Хамгийн сүүлийн судалгаагаар гэхэд монголчуудын 6,6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэж гарсан байх юм. Сэтгэл гутрах эмгэгийн гол хор уршиг нь ихэвчлэн амиа хорлож төгсдөг байна. Ер нь 15-29 насныхны нас баралтын хоёр дахь шалтгаан нь энэ гэнэ. Иймээс ДЭМБ-аас хэн нэгний сэтгэлийн гутралыг хуваалцахад бэлэн байж, 40 секундын харилцааг эхлүүлэн хайртай хүмүүсээ аврахыг дэлхий нийтэд уриалж байгаа ажээ.
Тагнуулч Д.Цогтбаатар прокурор болжээ
Улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял авч, Төв аймгийн хорих ангид ял эдэлж байхдаа Төрийн өндөрлөгт хандаж захидал бичин “Өөрийгөө буруугүй. Хилс хэрэгт буруутгагдсан” хэмээн мэдэгдэж байсан ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг Улсын Ерөнхий прокурорын газарт газрын даргаар томилсон байна. Тэрбээр ТЕГ-ын дарга байсан Б.Хурцтай ажил хэргийн улмаас зөрчилдсөнөөс болж, өөрийг нь зохион байгуулалттайгаар хилс хэрэгт унагасан гэж ил захидалдаа мэдэгдэж байсан төдийгүй гэр бүлийн хүн нь ч хэвлэлийн бага хурал хийж нөхрийнхөө тухай мэдээллийг олон нийтэд хүргэж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байсан билээ. Харин өдгөө тагнуулч асан Д.Цогтбаатар прокурор болжээ. Улсын нууц задруулсан хэргээр ял эдэлж байсан хүн үнэхээр хилс хэрэг нь цагаадаад төрийн алба хашиж эхлэв үү, төрийн алба хаах хугацаа нь болоод эргээд ирэв үү гэдэг нь сонин. Бас хошууч генерал Б.Хурцын бусдыг эрүүдэн шүүсэн хэрэг анхан шатны шүүхээр ид хэлэлцэж эхлэх үетэй давхцан томилогдсон нь ч анхаарал татна.
Цахим ертөнц өсвөр үеийнхнийг залгиж эхэллээ
Цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, тэр хэрээрээр өсвөр үеийнхнийг залгиж эхэллээ. Цахим гэмт хэрэгт хохирогч болон үйлдэгчийн нас залуужиж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд аав, ээж, ойр дотныхныхоо хаяг руу нэвтрэн орж мэдээллийг нь судлах төдийгүй танил нөхдөөс нь мөнгө гуйж, залилангийн хэрэг үйлддэг төдийгүй найз нөхдөдөө энэ аргаа зааж өгдөг болжээ. Түүнчлэн Нүүрномд бүлэг үүсгэн нэгнийгээ элдвээр хэлж бичиж гадуурхах, ганцаардуулах болсон байна. Ингээд зогсохгүй, компьютерийн мэдлэгээ ашиглан томоохон компанийн мэдээлэлд ч нэвтэрдэг болжээ. Уг нь ЭХ-ийн 26 дугаар бүлэгт Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тэгэхдээ хувь хүн болон байгууллагын хаягийг хакердах, мэдээллийг устгах, вирус тараах зэрэг хэрэг өдүүлсэн бол 1-8 жилийн хорих ял оноохоор заасан. Манайд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн 70 хувь нь 18-28 насныхан байдаг нь тогтоогджээ.
Одоогоос долоон жилийн өмнө манай улсад 14 цахим гэмт хэрэг гарч байсан бол жил бүр энэ тоо өсч 2013 онд 35, 2014 онд 66, 2015 онд 83, 2016 онд 136, 2017 онд 299, 2018 онд 650 орчим болж өссөн үзүүлэлт гарчээ. Энэ жилийн хувьд гэхэд л эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Он дуусахад нэг улирал дутуу байхад өнгөрсөн оны нийт дүнтэй ойролцоо тооны гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь цахим гэмт хэрэг хэрхэн хурдацтай өсч байгааг ямар нэг тайлбаргүйгээр харуулж байгаа явдал биш гэж үү.