Хүчтэй далайн хар салхи Хагибисын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Ням гарагийн байдлаар 33 хүрсэн байна. Үүнээс гадна арав гаруй хүн сураггүй болоод байгаа ажээ.
Үерт боогдсон иргэдийг аврах ажиллагаанд Ням гарагаас эхлэн Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилж эхэлсэн байна.
Хар салхины эрч Ням гарагийн өглөө саарч, төв цэг нь Японы эргээс холдсон ч үерийн гамшиг тус улсын төв хэсэгт үргэлжилж байна.
Японы зэвсэгт хүчний 27,000 алба хаагч үерт боогдсон иргэдийг аврах ажиллагаанд оролцож эхэлжээ. Мөн армийн нисдэг тэргүүдийг ашиглан гэрийнхээ дээвэр дээр толгой хоргодож байгаа хүмүүсийг аварч байна.
Хагибис нэртэй хар салхи Бямба гарагийн оройн 7:00 цагийн үед Японы гол арал Хоншуг дайрах үед хурд нь цагт 216 км хүрч байжээ.
Уг үзэгдлийг 1958 онд Токио орчмыг дайрсан хар салхитай ижил хүчтэй гэж мэргэжилтнүүд тооцоолж байв. Тухайн үед 1,200 гаруй хүн амь үрэгдэж, хагас сая орчим орон байр усанд автаж байжээ.
Үүнээс 60 орчим жилийн дараа Япон улсын дэд бүтэц, байшин барилгын чанар эрс дээшилсэн тул хохирол харьцангуй бага байна.
Хагибис хар салхины улмаас тус улсын 12 мужид 48 хөрсний нуралт үүссэнийг засгийн газар мэдээлжээ.