НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ны өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунгаласан байдаг. Тиймээс энэ өдөр Монголын хүүхдийн ордонд “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн санаачлагаар “Мянган цэцэгс” Нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа. Энэхүү чуулган нь “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн төвийн дүүргийн зургаан сургуулийн 1000 охин цугларав.
Чуулганы эхэнд нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа үг хэлэв. Мөн “Нарны охид төслийн зөвлөх багш Түвшинжаргал “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвээр илтгэл тавьж, чуулганд оролцогч охидтойгоо ярилцсан юм. Түүнчлэн Залуучууд Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ ТББ-ийн үндэсний зохицуулагч Ж.Тэргэл, Мисс Б.Гүнзаяа, Аавуудын грүппын админ Цэнд-Аюуш нар илтгэл тавьсан юм.
Чуулганы төгсөлд чуулганд оролцогч охид өөрсдийн санал сэтгэгдлээ илтгэл тавигч, оролцогч байгууллагуудтай хуваалцсан бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас сэтгэлзүйн болон гоо сайхны зөвлөгөө авав. Охидын хувьд чуулганы үйл ажиллагаанд сэтгэл өндөр байлаа.
Чуулганыг Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд мэдээллийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Өнцөг сошиал телевиз ажилласан байна.
Нийгэмлэгийн зүгээс “Нарны охид” төслийн хүрээнд өнгөрсөн жил Налайх дүүрэгт уулзалт зохион байгуулж байсан бол Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас дүүргүүдэд хэсэгчлэн уулзалт зохион байгуулж байсан бол энэ жилээс хамтран үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн нийслэлийн хэмжээнд ийнхүү зохион байгуулсан нь амжилттай боллоо.