“Нарантуул” худалдааны төвд зуух зардаг иргэд сайжруулсан шахмал түлшинд зориулсан зуух санал болгож байгаа талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Нарантуул худалдааны төвд 20 жил зуухны бизнес эрхэлсэн тэдгээр иргэдийн төлөөлөл дөрвөн жилд нэг удаа Хятад улсад болдог зуухны үзэсгэлэнд очихдоо түлшиндээ зориулсан зуух байх ёстойг ойлгожээ. Энэ талаар Г.Ундармаа “Бид агаарын бохирдлоос үүдэн энгийн зуух үйлдвэрлэж чадахаа байсан.
Тиймээс сайжруулсан зуух хэрэгтэй болоод байгаа тухайгаа тэндхийн инженерт хэлсэн. Хятадын Засгийн газар ч мөн агаарын бохирдлоос үүдэн нүүрсийг хорьж, сайжруулсан шахмал түлшээр агаарын бохирдлоо 50 хувь бууруулсан юм билээ. Тиймээс бид “Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг авч дахин Хятад яваад тус улсын инженертэй хамтран зуухаа үйлдвэрлэсэн.
Энэ зуух “Нийслэлийн агаарын бохирдлын лаборатори”-т орсон. Бид авах ёстой газраасаа холбогдох бүх бичиг баримтаа авсан. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд оролцох эрхийг олгосон юм” гэв.
Урд хөршид хийлгэсэн уг зуух 550 мянган төгрөгийн үнэтэй аж. Зуухны давуу талын талаар “Агаарт дэгдэх хийг зуух дотроо шатааж өгдөг. Шахмал түлшиндээ зориулсан бүрэн шаталттай. Эхний 10-15 минутын хугацаанд асалтын сүүн утаа гарна. Гэхдээ хүний биед хүрэх хорт хий нь зуухан дотроо шатдаг давуу талтай. Долоон кг түлш хийхэд дулааныг 10-12 цаг барина. Ингэснээр өдөрт хоёр удаа галлана. Дээш гарч буй утааг доош татаж тортгоо давхар шатааж өгдөг” хэмээн Ц.Пүрэвсүрэн ярьсан юм.