Сонгинохайрхан дүүрэгт айлын ханан пийшин дэлбэрсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баганаран … тоот айлын ханан пийшин дэлбэрсэн байна. Тус тоотод оршин суудаг 54 настай эмэгтэй А болон 3-14 насны гурван хүүхэд угаартаж яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс зэргийг авч шинжлүүлэхээр хүргүүлжээ. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр эхний мэдээллээр, аравдугаар сарын 9-ний өглөөний 06:00 цагаас аравдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд угаарын хийн дуудлага 17 өрхийн 34 иргэнээс ирснээс 18 нь том хүн, бусад нь хүүхэд байна. Түүнчлэн эмнэлэгт 9 том хүн, 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.