Монгол Улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 15 дахь бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтыг зохион байгуулж буй нийт хамт олны зүгээс дэлхийн хэмжээний тайз засал, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэхээ амлаж мэргэжлийн уран бүтээлчийн чансаа заасан тоглолт болохыг онцолж байсан юм.
Тоглолт гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүрийг өөр найруулагч найруулна. Асаж дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухааныг илэрхийлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа: “Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн мөчлөгтэй. “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн. Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм” гэв.
Тэрээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү “Тэнгэр шиг бай” бүрэн хэмжээний тоглолтоороо фенүүдтэйгээ дахин уулзаж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх гэж байна. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” алдарт шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр урлагын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний ярианаас онцлон хүргэе.
УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар: “Уран бүтээл тухайн цаг үедээ төрөн гарахдаа уран бүтээлчийн эмзэглэл, шаналан дээр төрөн гардаг. Ийм бүтээл өөрөө тэр цаг үеийнхээ тод гэрэл нь болж өгдөг. Т.Ариунаагийн энэ удаагийн тоглолт бол дотоод сэтгэлийнх нь шаналан, эмзэглэл. Нийгэмд болон монголчуудад хэлэх гэсэн том хашгираан гэж бодож байгаа. Тиймээс ч алдарт яруу найрагч О.Дашбалбар гуайн бүх оюун бодол, санаа, зүрх сэтгэлээ “базлан” байж бичсэн тэрхүү гайхалтай шүлгийн нэрээр тоглолтоо нэрлэсэн болов уу гэж харж байна” гэсэн бол
Ардын жүжигчин, төрийн шагналт Н.Сувд: “Эмэгтэй хүн бол улс үндэстний нүүр царай. Ариунааг би хэзээ ч гундаж, навсайж явахыг хараагүй. Энэ хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг би биширдэг. Ариунаа бол хүний үнэнч хань, түшиг тулгуур, анд нөхрийнхөө жинхэнэ нөхөр нь байж чаддаг учраас би биширдэг” гэсэн юм.
Урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр төрөөс анхаараасай
МУГЖ, Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа бас шахмал түлштэй холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. -Шахмал түлштэй холбоотойгоор ойрын хугацаанд олон хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? “Энэ түлшний талаар өчигдөр мэдээлэл сонслоо. Хүний амь эрсдэнэ гэдэг бол өөрөө маш том асуудал. Энийг хянадаг төрийн системийн байгууллага, тогтолцоо маань ямар байгаа вэ гэдгийг бид олон зүйл дээр харлаа. Хүүхдийн сангийн элч дуучны хувьд маш олон зүйлийг хэлэх ёстой. Энэ жил хүүхдийн эрхийн конвенцийн 30 жилийн ой болж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийнхээ хувиар хийх зүйлүүд байна. Яг энэ асуудлаар нийгэм даяараа бухимдаж байгаа шүү дээ. Үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр төрөөс маш сайн анхаараасай гэж хүсэж байна.” гэлээ.