Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгажээ.
Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Үүнд нийт 6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм.
Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлш гэр хорооллын иргэдэд борлуулсан. Нийслэлийн гэр хорооллын 110 мянган өрхөөс авсан судалгаагаар энгийн, уламжлалт зуух ашиглаж байна гэсэн судалгаа бий. Тиймээс гэр хорооллын өрхүүд бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах, стандарт бус зуух ашиглахгүй байх шаардлага тулгарч байна” гэлээ.