Амгалан амаржих газарт хяналтаар очсон иргэн З.Жавзанпагмыг бөөр нь буруу байрлалтай гэдгээ хэлсээр байтал уйланхайтай андууран хагалгаанд оруулсан бөгөөд уг хагалгааны үеэр самбай /маарал/ биед нь үлдээснээс үрэвсэж, идээнд баригдаж түгжрэл үүсэхэд нь оношийг нь мэдэхгүй гэх шалтгаанаар ямар ч өвчний түүхгүй Хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн гэх. Үүний улмаас эмэгтэй нэг бөөрөө авахуулж, зургаан сартай ургаа ч авахуулахаас өөр аргагүй болсон тухайгаа мэдээлэл хийн ярилаа.
З.Жавзанпагма хэлэхдээ:
“Анх би гурван сартай жирэмсэн байхдаа хяналтанд орсон. Ингэж ирэхдээ уйланхайтай гэж оношлуулсан. Үзүүлж байх үедээ энд миний бөөр байдаг гэдгийг сануулж хэлсэн. Учир нь өмнө би Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмэгтэйчүүдээ үзүүлж яваад эход харуулахад төрөлхийн ийм бөөртэй бөгөөд зүгээр ажилладаг юм байна гэсэн хариу авсан.
Бөөр минь буруу байрлалтай гэдгийг хэлсээр байтал “Бишээ өндгөвчний уйланхай байна” гэж гүрийсээр хагалгаа хийсэн. Ингээд зургаан сар хүртлээ Амгалан амаржих газар буруу хагалгаа хийлгэсэн тул түгжрэлийн байдалтай байсан. Анх очихдоо би ямар нэгэн өвдөлтгүй, эрүүл саруул биетэй, ураг минь ч хэвийн байсан юм. Хагалгаанд орсноос хойш маш их морфиноос эхлээд антибиотек уусан учир ургаа цаашид тээх боломжгүй болж авахуулсан.
Буруу оношилсноос хойш 20 гаруй хоног түгжирсэн. Амгалан амаржих газрын эмч нар юу гэдгийг нь мэдэхгүй байсан учраас шууд Хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлэхээр боллоо. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар үзээд онош тодорхойгүй хагалгаанд оруулсан. Ингэхэд буруу эмчилгээ хийсэн бөгөөд марал гэдсэнд үлдээсэн гэдгийг мэдэж Даваацэцэг эмч рүү залгахад манай гэрийнхэн болоод надтай холбоотой бүх хүмүүсийн дугаарыг блоклосон байсан гэлээ.
Уг асуудлыг хариуцлагыг Нийслэлийн Амгалан амаржих газрын эмч н.Удвал, Амбулаторын эмч Б.Даваацэцэг, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Н.Ганболд, сувилагч Б.Амаржаргал, туслах сувилагч Ц.Одхүү, эмэгтэйчүүдийн их эмч П.Отгонбаяр нарын хүмүүсээс нэхэж байгаа” гэлээ.
Эдгээр хүмүүс З.Жавзанпагмад 15 сая төгрөг өгөөд асуудлыг нэг талд шийдвэрлэх санал тавьж байсан бөгөөд үүнээс хойш нэг ч удаа биеийг нь утасдаагүй аж. 26 настай ахин жирэмслэх боломжгүй болж бие сэтгэлээр хохирон үлдсэндээ гомдолтой байхад нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байгааг учирлан хэлэв.