Дорнод аймгийн Баян-Уул сумд энэ сарын 6-ны 22.00 цагийн орчимд айлын хот руу баавгай дайрч хоёр үхрийг нь барьжээ. Өнгөрсөн зун Сибирьт дэгдсэн их түймрээс болоод манай улсын хойд нутгаар зэрлэг амьтад дүрвэн орж ирсэн гэх мэдээлэл гараад байгаа. Харин хүн малд халдсан баавгайнууд нь манай улсад амьдардаг хүрэн баавгай аж.
“Энэ жил самар жимс бага ургасан учир баавгай ичихээсээ өмнө тарга авахын тулд хөвчөөс гарч ирж байна” хэмээн БОАЖЯ-ны мэргэжилтэн хэллээ. Өмнө нь 1966, 1971, 1988 онд баавгай хорхойтож суурин газар луу бууж ирэн, хүн барьсан тохиолдол гарч байжээ. Одоогоор суурин газарт орж ирсэн баавгайн тоо 24-т хүрээд байна.