Тайландад хайрын нэгэн хачирхалтай драм өрнөлөө. Өөрийгөө баян хэмээн танилцуулсан нэгэн эр нутгийн 30 настай нэгэн бүсгүйтэй нижгэр хурим хийснээ шууд баяраасаа зугтаж, сүйт бүсгүйгээ хуримын тооцоотой, өртэй үлдээсэн байна.
Да нэртэй бүсгүй 50 настай баян эртэй энэ оны гуравдугаар сард танилцсан байна. Өөрийгөө Нат хэмээн танилцуулсан энэ эр хангалуун амьдардаг гэж хүүхэнд итгүүлж, өөрийгөө Хонконгийн нэгэн том компанийн ерөнхий захирал гэжээ. Танилцсан залуугийн баянд итгэсэн бүсгүй ч танилцсанаас хойш удалгүй гэрлэх саналыг нь хүлээн авчээ. Ингээд хуримаа хийхээр төлөвлөсөн тэд чимээгүйхэн бүртгүүлээд, дараа нь найз нөхөд, төрөл төрөгсдөдөө Тайландын Бурирам мужийн үнэтэй зочид буудалд нижгэр хуримын урилга хүргүүлжээ.
Ингээд бүх зүйл сайхан болж байтал сүйт залуу гэнэт л Хонконг руу нисэх шаардлагатай боллоо гэжээ. Тэрбээр сүйт бүсгүйдээ инж болгон өгсөн чекээ аваад гэнэт л усанд хаясан мэт алга болсон аж. Тэр цагаас хойш Натыг шинэхэн эхнэр нь ч, төрөл төрөгсөд нь ч харсангүй. Мэдээж энэ бүгдийн ард үнэтэй хурим зохион байгуулсны төлбөр мөнгө Да бүсгүй дээр унажээ.
Сүйт бүсгүйн ээжийн хэлснээр хуриманд 3 сая гаруй бат зарцуулсан гэнэ. Харин зохион байгуулагчид 300 мянган бат л болсон гэсэн аж. Зочид буудлаас сүйт бүсгүйг өрөө бага багаар барагдуулах санал тавьжээ. Мэдээж тэд Да-г шүүхэд өгсөн байна. Тэгвэл бүсгүй хуульчид хандаж, салах өргөдлөө өгсөн аж.
Эх сурвалж: KP.RU