“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2019.10.07/ хэлэлцэнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм. Ш.Батхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шалгаж буй.
Хэргийг сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайлбал, “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн юм.