Жил бүр хагас мянга гаруй монгол хүн авто зам дээр амиа алддаг. Өдөрт дунджаар хоёр хүн автын ослоор энддэг гэсэн үг. Харамсалтай, гунигтай статистик. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай. Зам тээврийн осол яагаад буурахгүй байгааг, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой хэргүүд ямар нөхцөл шалтгаанаас болж гардаг вэ гэдгийг албан хүмүүс хэрхэн тайлбарлаж байна вэ? Тэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амь насыг нь хамгаалахын тулд юу хийж байгаа вэ?
Энэ жил л гэхэд Налайхын замыг шинээр барьж байгаатай холбоотойгоор зүүн чиглэлийн аймгуудын зорчигчид Төв аймгаар тойрч явж байгаа. Ийнхүү Төв аймгийн замын ачаалал нэмэгдсэнээр хэд хэдэн ноцтой осол гарсан. Улаанбаатар-Дарханы зам бас л засвар шинэчлэлийн улмаас хэсэгчлэн хаагдаж, зорчих хөдөлгөөнд хүндрэл учирсан.
Орон нутгийн замуудад гардаг ослын гол шалтгаан гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх үедээ эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, эсвэл хурд хэтрүүлснээс болж онхолдсон, мөргөлдсөн тохиолдлууд эзэлж байгаа ажээ. Товчхондоо бол улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослуудын 98 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог байна. Цагдаагийн байгууллагын мэдээ, тайланд ингэж дурджээ. “Жолооч нар хажуу хоорондын зайгаа тохируулаагүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, ухрах үйлдэл буруу хийсэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлж байна. Үүнийг бид олон жил ярилаа. Харамсалтай нь, жолооч нар зөрчлөө арилгая гэж боддоггүй” хэмээн ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.
Нийт зам тээврийн ослын 1.8 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 орчим хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалдаг гэхээр жолооч нар 98 хувь буюу үндсэндээ 100 хувь буруутнууд болж таарч байна. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үнэн энэ. Тэгвэл жолооч нарын буруутай үйлдлийн гол шалтгаан юу вэ. Яарсных, хэнэггүй анхаарал болгоомжгүйнх, ур чадваргүйнх гээд шалтгаануудыг нь тоолж болох байх. Яарснаас болж ихэнх осол гардаг гэдэгт олон хүн санал нийлнэ. Хэнэггүй зан ч багагүй осол зөрчлийн шалтгаан болж буй. Мөн жолоочийн ур чадвараас болж осол гарч байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсан нь цөөнгүй.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Нийслэл хотод бол анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцдог, хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг гэх нийтлэг зөрчлүүд буурахгүй байгаа нь зам тээврийн осол гарах үндэслэл болж байна. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хүлээцгүй, амин хувиа хичээсэн үзэл нь осол гарах өөр нэг шалтгаан. Зам тээврийн ослын шалтгаанууд нийслэл болон орон нутагт харилцан адилгүй. Хүн амын нягтаршил, замын нөхцөл байдлаас шалгаална. Орон нутгийн түгжрэлгүй сэлүүхэн замд жолооч нар хурд хэтрүүлэх, жолоочийн ур чадваргүйгээс шалтгаалж ноцтой осол гардаг.
Замын хөдөлгөөн сэлүүхэн үед жолооч нар жолоо шилжүүлдэг нийтлэг зөрчил ажиглагддаг. Үүний улмаас нэг дор олон хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол амсаж байна. Орон нутгийн замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа буруу баримжаалдаг. Мөн замын нөхцөл байдалд тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй. Баяр ёслолын үеэр орон нутгийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна” хэмээн энэ оны эхэнд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.
Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг дээрх ярианд үндсэнд нь томъёолж тодорхойлсон гэхэд болно. Эндээс жолоочийн ур чадварын асуудлыг онцолж авч үзэх ёстой. Тэгэхийн тулд эхлээд жолооч нарын тухай статистикийг сонирхуулъя. 2018 онд хэвлэгдсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном”-д тэмдэглэснээр Монгол Улсын жолоочийн бүртгэлийн санд 1207690 жолооч бүртгэлтэй байгаа ба 2018 онд 62595 хүн шинээр жолооч болсон байна. Монгол Улс 2009 онд 586345 жолоочтой байсан бол жолоочийн тоо 2018 оны байдлаар буюу есөн жилийн дотор хоёр дахин өссөн байна. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтээс харахад жилд дунджаар 69 мянган жолооч шинээр бэлтгэгдэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авчээ.
Осолд холбогдсон болон дүрэм зөрчиж буй иргэдийг жолооч болсон хугацаагаар нь ангилж үзэхэд 0-5 жил хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс зонхилох хувийг эзэлдэг байна. Залуусын жолоочийн ур чадвар хангалтгүй, бие биенийхээ дээр гарах гэсэн үзлээс шалтгаалж зам тээврийн осолд холбогдох нь элбэг гэнэ. Тэрчлэн хоёр жолооч тутмын нэг нь 18-24 насныхан байна. Ослын улмаас амь насаа алдаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь энэ насныхан байгаа нь ч анхаарал татна. Залуус “Би” гэж хийрхдэг нийтлэг зантай болчихсон. 20 орчим жил жолооны ард суусан хүмүүс харьцангуй тайван хүлээцтэй, ур чадвартай байдаг учраас осол аваар хийх нь бага байдаг. Бусдын амь насыг хариуцаж яваагаа гүйцэд ухамсарласан болохоор тэр шүү дээ. Харин залуу жолооч нарын сэтгэл зүй тэгж бэлтгэгдээгүй, ур чадвар суугаагүй, жолооны курсууд ч хангалттай ур чадвар олголгүй төгсгөдөг учраас шинэ жолооч нар илүүтэй осолд холбогддог байна.
Монгол Улсын хэмжээнд 1000 гаруй жолооны курс тусгай эрх авч, үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Эдгээр курсуудыг мэргэжлийн байгууллагуудаас шалгадаг ч нэр төдий. Ямар алдаа дутагдал илрүүлдэг нь тодорхой бус. Жолооны курсийн багш нар ямар боловсрол мэдлэгтэй, хүнд жолоо барих талаар заах ямар арга барил эзэмшсэн талаар судалгаа ч байхгүй. Жолоонд сурахаар бүртгүүлж байгаа хүмүүс нь мөнгөө тушаачихаад алга болчихдог. Хичээлдээ огт ирдэггүй, бас хотын жолоо, дромд ч олигтой суралцдаггүй байдал нийтлэг. Ийм хүмүүстэй замын тэмдэглэгээ, дүрэм журмын талаар яриад ч хэрэггүй. Жолооны курсууд нь ч үндсэн багшгүй, цагийн багшаар дүрмийн хичээлээ заалгаад жолооны дадлагаа ч хагас дутуу хийлгэсэн болоод л тэгсхийгээд төгсгөдөг болжээ. Бензин байхгүй гэсэн шалтгаанаар суралцагсдаа хотын жолоонд ганцхан удаа гаргаж, тэгэхдээ Офицеруудын ордноос Амгалан хүрэх замд гурван хүнийг ээлжлүүлэн жолоо бариулсан болоод төгсгөсөн жолооны курс ч байна. Сурч байгаа сургаж байгаа хэн хэн нь тэгсхийж байгаад л курсээ дуусгаж жолооны үнэмлэх авч өгөлцөөд салах нь л тэдний гол зорилго болжээ. Энэ бүгдийг цэгцлэх цаг хэдийнэ болсон. Эс тэгвэл машинаа асаагаад унтрааж чадахгүй, гэрлэн дохиогоо мэдэхгүй, хааз тоормосоо ялгахгүй жолооч нар машин унан давхилдаж, осол аваар гаргаж, хүний амь нас, эрүүл мэндээр тоглосоор байх нь. Жолооны курсүүдыг цэгцэлж, чанартай жолооч бэлтгэн гаргахгүй юм бол авто ослоор амь насаа алдсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байх болно гэдгийг ч мэргэжлийн хүн хэлсэн байна лээ.
Гадаадын улс орнуудын сайн жишиг гэвэл Америкт жолооч бэлтгэдэг жолооны курс манайхаас өөр. Хэн дуртай нь жолооч болж чаддаггүй. Жолооны шалгалт нь маш чанга. Замын хөдөлгөөний шаардлагыг бүрэн хангасан гудамжинд жолооны шалгалт авдаг. Дунд сургуулийн гадаа яаж явах, эмнэлэг, түргэний машинд зам тавьж өгөх зэргийг нарийн шалгана. Хэрэв биелүүлээгүй бол маш өндөр торгууль оногдуулдаг. Бүхий л тэмдэглэгээ заавар дүрмийн дагуу шалгалтад орж байгаа хүнийг явуулж, нэг үйлдэл алдахад л шууд унагадаг. Аргална гэдэг ойлголт байхгүй. Дахиад л мөнгө төлж дахин бэлдэж шалгалт өгдөг. Тэнд насан туршдаа жолооны шалгалт авсан, энэ талаар мэргэшсэн мэргэжилтэн шалгалт авдаг байна. Японд ч гэсэн мөн хатуу шалгуур давж жолооч болдог. Манайх ч гэсэн жолооч бэлтгэх үйл явц, жолооны курсуудын үйл ажиллагаанд ийм өндөр чанд, хатуу шаардлага тавихгүйгээр зам тээврийн ослыг бууруулах талаар ярих нь утгагүй.Дүрмээ мэдэхгүй жолооч нартай дүрэм яриад үр дүнгүй. Ур чадваргүй жолооч бэлтгэж байгаа уг үндэсийг нь л олж, уг алдаа дутагдлыг засч залруулах ёстой.
Тиймээс юуны өмнө чанаргүй жолооч нарыг хэдэн мянгаар нь бэлтгэн гаргаж байгаа, мөнгө ашгийн хойноос хөөцөлдсөн жолооны курсуудыг нэн даруй зоригтой аттестатчилж, сургалтын чанарыг нь сайжруулах, улмаар жолооч нарыг мөн тодорхой давтамжтайгаар аттестатчилдаг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай болжээ.