БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 оны хооронд амьдарч байсан байшинд эдүгээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей” үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.
Тэгвэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг музейг нурааж эхэллээ гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу П.Гэндэнгийн нэрэмжит сангаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэл
Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй бөгөөд уг байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна:
Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшинг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндүламын санаачилгаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг байгуулсан. 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.
Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр:
1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.
2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.
3. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна.
Иймд, сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье.
П.Гэндэнгийн нэрэмжит сан
1 comment
дахин босохгүй байхаа. гадсан суурь хийгээд аймаар их хүчитгээд байхад нээг том байшин босох гээд байна. жагсаал бослогооо эртхэн хийвэл яасын бэ.