Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтээрээ энэ жил анх удаа утааг бууруулах сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа. Цаг агаар хүйтэрч айл өрхүүдийн өдөр тутмын түлшний хэрэглээ ихсэж байгаатай холбогдуулан шахмал түлшийг аюулгүй ажиллагааг бүрэн хангасны үндсэн дээр хэрэглэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүсийн зүгээс ард иргэдэд зөвлөж байна.
Аравдугаар сар гарсаар техникийн шаардлага хангаагүй зууханд галлагаа хийснээс шахмал түлшний угаарт хордсон хоёр тохиолдол бүртгэгджээ. Дээрх тохиолдлуудад Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрсдлийн үнэлгээ хийж бага эрсдэлтэй гэж тодорхойлсон байна. Тэгвэл нийслэлд жилдээ буюу хүйтний улиралд түлшний угаарт хордсон 45-50 тохиолдол бүртгэгддэг аж. Эдгээрийн ихэнх нь айл өрхүүдийн зуухны галлагаатай холбоотой угаартсан тохиолдлууд байдаг юм байна.
Сайжруулсан түлш нь бүрэн шаталт сайн учраас түүхий нүүрснээс 60-70 % бага утаа, хорт бодис ялгаруулдаг байна. Гэхдээ зөв горимын дагуу шаардлага хангасан зууханд галлаагүйгээс угаартах эрсдэл нүүрстэй адилхан байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.