Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ.
Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.