УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Өнгөрсөн баасан гарагт (2019.09.27) ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар албан ажлаа хүлээлгэн өгсөн. Иймээс Ерөнхийлөгчийн зүгээс бригадын генерал Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа энэ сарын 1-ний өдөр УИХ-д мэдүүлсэн юм.
Бригадын генерал Д.Ганзориг нь 38 настай ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжлийн эрдэмд суралцсан бөгөөд
- 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч,
- 1997- 2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш,
- 2002 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг Сахиулах ажиллагааны Үндэсний сургалтын Төвийн орлогч дарга, төлөвлөгч офицер,
- 2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,
- 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
- 2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,
- 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,
- 2014 оны 11 дүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ.
Одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Дараа нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Мөн энэ өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн:
-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх,
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх,
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.