Интернэт, кибер ертөнцийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид цуглаж, илтгэл тавьж, зөвлөгөө өгдөг “MNSEC-2019” өдөрлөг ШангриЛа-д болж байна. Энэ арга хэмжээнд оролцдог цахим ертөнцийн “манаач” нар олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм.
Сонирхуулахад тус өдөрлөгийн үеэр Монголд болсон халдлагуудын тухай мэдээллийг хүргэх аж. Мөн Монголын банкнуудын холбооноос хортой халдлагуудын тухай ярих юм байна. Түүнчлэн, халдлагыг илрүүлэх индикаторууд буюу тэрийг яаж хэрэглэх тухай яриа өрнөх гэнэ.
“MNSEC2019” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулагч нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC юм. Тус газар нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус,төрийн бус байгууллага юм байна.
MNCERT/CC-ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC зургаа дахь жилдээ болж байгаа нь энэ юм. MNSEC арга хэмжээнд таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцжээ.
Дашрамд дурдахад тус өдөрлөгийг энэ жил нээлтээ хийсэн мэдээллийн технологийн “Нэст эдүкэйшн” ахлах сургууль хамтран зохион байгуулж байна.