Дундговь нутгаас төрөн гарсан “Дуурьсал” хамтлаг уран бүтээлийн арвин богцоо задалж, Улаанбаатар хотноо “Монгол бөхийн өргөө”-нд маргааш буюу энэ сарын 4-нд “Дуурьсал 2019” тоглолтоо толилуулах гэж байгаа билээ.
Тоглолтод дуучин Э.Төрмандах, гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Соёлын тэргүүний ажилтан Х.Эрдэнэцэцэг, Филармонийн гоцлол дуучин Т.Отгонбаяр нар оролцож ая дуугаа өргөх бөгөөд “Дуурьсал”-ынхантай дуугаар цалгиж өнгөрүүлэхийг урьж байна.
“Дундговийн магтаал”, “Хуртай зуны аялгуу”, “Тэнгэрийн дуурьсал” “Идэр жинчин”, “Эх нутаг”, “Бүүвэйн түрлэг”, “Дөрвөн цаг”, “Сүүн цагаан сэтгэл” зэрэг хуучны сэтгэлд хоногшсон дууг дуулж нутгийнхаа зон олны баяр талархлыг хүлээсэн “Дуурьсал” хамтлаг нь 2016 онд байгуулагдсан юм.
Дуу хуурын өлгий Дундговь нутгийн дөрвөн залуу 2018 онд “Дуутай, хууртай нутаг усныхан минь” анхны цомгоо гаргаж, Өвөрмонголын хотуудаар тоглолт хийж, элэг нэгт түмэндээ ая дуугаа өргөөд иржээ.
“Дуурьсал” хамтлаг нь ардын дууны хэв маяг дээр уламжилж, орчин үеийн хөгжмийн найруулгыг шийдэн, язгуур шинжийг агуулсан этник поп чиглэлийг барьж, ерөөл, бэлгэдлийн шинжтэй уран бүтээлээ туурвиж буй ганц хамтлаг юм. Монголын эрэгтэй дуучдын хамтлаг поп, хип хоп, поп опера, жаз чиглэлээр дуулдаг бол этник поп төрөл үгүйлэгдэж байсан тэр орон зайг харж “Дуурьсал” хамтлаг нь бусдаас ялгарах, содон төрхөө бүрдүүлж яваа билээ. “Дуурьсал” хамтлаг нь хоёр уртын дуучинтай бөгөөд уран бүтээлээ уртын дууны элемент дээр суурилж, аялгуулаг, хөгжимлөг, тансаг найруулгатай өвөрмөц өв соёлыг бүтээж байна. Монгол түмний уламжлалт ёс заншил, хүндэтгэх ёсон, залах урих ёсыг бэлгэдсэн “Хурай”, “Заллага”, “Даллага”, Хуртай зуны аялгуу“, “Дээшээ морил” зэрэг шинэхэн бүтээлээ туурвиж уран бүтээлийн богц арвин байна.
Энэхүү шинэ имиджийг бүрдүүлж буй продюсер бол “Дундговь-Урлаг” сангийн тэргүүн Г.Түвшинтөр. Тэрбээр тоглолтын үеэр намрын сэнгэнэсэн айргаар үзэгчдээ дайлж, “Дуутай, хууртай нутаг усныхан минь” цомгийг худалдаалж, тоглолтын үеэр үзэгчдээс таван азтан шалгаруулах тухай хэлэв.