Электрон тамхичдын үхлийн шалтгааныг тогтоов

2019-10-03 13:221min
18

АНУ-ын электрон тамхичдын үхлийн шалтгаан нь химийн хортой уур болон хорт хий байж болзошгүй гэж Миннесота дахь Майогийн эмнэлгийн эмч нарын судалгаанд өгүүлжээ.

Судлаачид 17 өвчтөний уушгины материалыг авч судлахад хүлээж байсанчлан эрдэс тосны хуримтлал, түүнээс болж үүссэн липоидын уушгины хатгалгааг олж илрүүлээгүй байна. Судалгаанд оролцсон хүмүүсээс 12 нь вейпийг марихуан болон олсны ургамлын тостой хамт хэрэглэдэг байжээ.

Ингээд электрон тамхичдын бие муудсан, үхэлд хүргэсэн шалтгаан нь нэг болон хэд хэдэн хортой бодисоос үүссэн химийн гаралтай уушгины хатгалгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

АНУ-д вейпээс болж амиа алдсан хүний тоо 15-д хүрээд байна. Амиа алдсан хүмүүст амьсгалын эрхтний асуудал, бие ерөнхийдөө муудсан, халуурч чичирсэн, толгой өвдсөн, жин хасагдсан зэрэг ижил шинж тэмдгүүд ажиглагджээ.

Электрон тамхины хүний хөнөөдөг гол бодис нь Е витамин байж болзошгүй гэж өмнө нь таамаглаж байсан юм. Е витамин нь ашигтай боловч хийн хэлбэртэй байхдаа шинэ нэгдэл үүсгэж, хор болдог байж болзошгүй гэж байлаа.