Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Тус төсөлд баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглох заалт тусгагдсан. Тэгвэл сүүлийн үед 10-аас дээш насжилттай автомашины импортыг хориглох тухай мэдээлэл гарах болсон. Бид энэ талаар төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 10-аас дээш насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хориглоно гэдэг заалт оруулж ирж байгаа гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Ажлын хэсэг заалт тус бүр дээр ажиллаж байна. Баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглоно гэсэн заалт орж ирж байгаа. Салбарын сайдын хувьд энэ заалтыг татна гэж дуугарч байна билээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл татаж аваагүй юм чинь хэлэлцэгдээд явах байх. Тэгэхээр үүнийг зөрүүлээд бид ямар санал оруулж ирэх вэ гэдгийг одоогоор тогтоогүй байгаа. Энэ заалтыг нь явуулах эсэх, эсвэл энэ заалтын хугацааны асуудлыг ярьж магадгүй. “10-аас дээш насжилттай” гэдэг чинь хов живний л яриа. Төслийн заалтад ийм юм байхгүй.
-10-аас дээш насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хориглох заалтын тухай мэдээлэл тэгвэл хаанаас гарсан байж болох уу?
-Нийтийн тээврийн хэрэгсэл ямар байж болох вэ, хэрэглээний машин дээр ямар байж болох уу гэх мэтээр судалгаа хийх шаардлагатай байгаа. 10-аас дээш насжилттай гэдэг хувилбарыг оруулж ирэх боломж байж болох юм гэдгийг Ажлын хэсэг дээр ярих асуудал юм. Магадгүй Ажлын дэд хэсгийнхэн хоорондоо ярилцсан байх. Түүнээс биш одоохондоо албан ёсоор яриагүй байгаа. Энэ сарын 1-ний өдөр ажлын хэсэг хуралдаад ерөнхий үүрэг даалгавар өгсөн.
-Мэдээж 10-аас дээш насжилттай автомашины импортыг хориглох болон баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглох тохиолдолд эсэргүүцэлтэй нэлээд тулгарах байх. Автомашин худалдаа эрхлэгчдээс эхлээд ажилгүйдэл бий болох зэргээр олон асуудал үүснэ. Олон сөрөг үр дагаварууд гарна даа.
-Үүнийг зохицуулах хамгийн гол гарц нь төрийн өмнө хүлээсэн үүрэг. Энэ гол үүрэг нь тухайлбал, өнөөдөр хүн автомашин эдэлж хэрэглэх бүрэн бололцоо байх хэрэгтэй. Зам нь түгжрэлгүй байх ёстой. Энэ бүхний зохицуулалтыг төр хийсэн байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотын түгжрэл ямар байдалтай байгаа билээ. Ер нь баруун талдаа хүрдтэй автомашин хуулийн дагуу манайд явж болохгүй. Гэсэн ч ард иргэдээ унаатай байлгах гэж, өнөөдөр амьдралын өртөг, амьжиргааны түвшин бага байгаа энэ үед бага өртөгтэй автомашин унаад яваг, боломж бололцоог нь хангая гээд өдий хүртэл явлаа. Гэтэл энэ маань цаашлаад хотын түгжрэл, аваар осол, олон эрсдэлийг бий болгочихсон. Тиймээс судалгаа хийж үзээд хуулиа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа юм. Энэ үндсэн дээр хуулийн төсөл орж ирж байна. Гэхдээ ард иргэдээс санал авах, илүү судалж үзээд өнөөдөр сануулаад, маргааш хориглоно шүү гээд хугацаа зааж хуулиндаа тусгаж, хил гаалиар орж ирэх машинуудыг нь бас зохицуулах хугацааг нь зааж магадгүй.
Ер нь өнөөдрийг хүртэл аль болох хүндрэлийг багасгах зохицуулалтыг хийсээр ирсэн. Жишээ нь гүүрэн гарц хийх, зам өргөсгөх зэргээр янз бүрийн арга хэмжээ авч л байна. Цаашлаад нийтийн тээвэр, метро гэх мэт асуудлыг шийдэж байж замаа чөлөөтэй болгох хэрэгтэй. Улаанбаатарын замын хүндрэл хэдийнэ бий болчихсон асуудал. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр метро байх ёстой, давхар хэд хэдэн замуудыг бий болгох ёстой.
-Та баруун талдаа хүрдтэй автомашин зорчих нь хуулиар хориотой гэж хэллээ. Яг одоо хэрэгжиж байгаа хуулинд хориглосон тийм заалт байдаг юм уу?
-Монгол Улсад зорчих автомашин зүүн талдаа хүрдтэй байна гэсэн заалт хэрэгжиж байгаа. Энэ нь хуулиараа хориглож байгаа гэсэн үг. Харин бид зөвшөөрөөд яваад байгаа юм. Хуулиа бид өнөөдөр зөрчөөд л яваад байна гэж ойлгох хэрэгтэй.
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “эрэлтэд нийцсэн хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл…” гэдэг үг байгаа. Тэгвэл жишээ нь приусийг хориглох нь үүнтэй зөрчилдөнө гэж ойлгох нь зөв үү?
-Энэ бол цахилгаан болон газаар явдаг тээврийн хэрэгслийг дэмжих хүрээнд яригдаж байгаа асуудал. Тэгэхээр хүрдний байрлалаас биш, ямар түлшээр ажиллаж байгаагаас шалтгаална. Приусын тухайд хэдийгээр цахилгаан тээврийн хэрэгсэлд тооцогдох боловч баруун хүрдтэй учраас хуулиар хориглоно гэсэн дүрэмд хамаарагдана. Хүмүүс “Засгийн газар эко тээврийн хэрэгсэл дэмжинэ гээд байхад яагаад энэ машиныг хорих гээд байгаа юм” гэж асуух байх. Хүрд нь буруу учраас хаах ёстой юм.
-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал стандартууд шинэчлэгдэх үү?
-Бүх стандартууд уг нь Монгол Улсад байгаа. Харин улс иргэдээ бодоод өөрөө тэдгээрийг, мөн хуулиа зөрчөөд байгаа юм.
-Хуулийн төсөл батлагдвал одоо хэрэглэгдэж байгаа машинуудыг хааш нь хаях вэ?
-Устгалтай холбоотой асуудал, автомашинаас гарах хог хаягдалтай холбоотой асуудал хуулийн төсөлд тодорхой заалтуудаар орж ирж байгаа.
-Мэдээж хориглохтой холбоотойгоор эрэлт, нийлүүлэлтээс хамаарч автомашины үнэ нэлээд өсөх байх.
-Миний хувьд бол яг өнөө маргаашдаа баруун талдаа хүрдтэй автомашиныг хорих шаардлагагүй гэж үздэг. Учир нь иргэн баян бол улс баян гэдэг. Иргэд жоохон ч гэсэн эд хөрөнгөтэй, унах унаатай байх, орлоготой байх, амьжиргаатай байх, ядуурлаас гарах гэдэг тал дээр би бат зогсдог хүн. Тиймээс ойрын хугацаанд иргэдийнхээ энэ боломжийг хасъя гэж бодохгүй байна. Авто тээврийн мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл хуулиа зөрчөөд байгаа шүү гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсч байна. Тэгэхээр ямар ч байсан зөв хүрдтэй автомашин авах боломж бололцоо руугаа л явцгаая гэж хэлмээр байна.
1 comment
Та орсон байгууллагадаа гологдоод яваад байгаа, мэдлэг боловсрол нимгэн, чадамжгүй дүү Уянгаагаа Биоүйлдвэрээс татаж авч тус болно уу.