Намрын налгар өдрүүдийг сэрээх чихэнд чимэгтэй нэг мэдээ саяхан дуулдав. Энэ бол дуучин Ариунаа тоглолтоо хийх тухай чимээ. Сүүлийн 10 шахам жил тоглолт хийгээгүй түүнийг санасан, хайсан, “мартсан” хүмүүс ч их байгаа. Мартсан гэдэг нь дуучин Ариунаа элдэв рекламанд тоглож харагдсангүй, энд тэндэхийн шоу нэвтрүүлэгт ч цөөхөн үзэгдлээ, цахим орчинд ч тийм ч идэвхтэй байсангүй. Магад ард түмний хайртай дуучин мааньамьдралынхаа бас нэгэн давааг давж байсан бизээ.
Гэхдээ Т.Ариунаагүй хурим найр, шинэ жилийн цэнгүүн бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Ингээд бодохоор тэр ард түмэнтэйгээ илүү ойр байсан ч юм шиг. Ямар ч л байсан гал цогтой, эрч хүчээр дүүрэн дуучныхаа цангинасан инээдээр дэлгэц дутаж, даруухан байдалд нь дасахгүй л байлаа.
Т.Ариунаагийн энэ удаагийн тоглолтын нэр “Тэнгэр шиг бай”. Энэ нэрийг зүгээр ч нэг өгөөгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр үнэхээр амьдралын өндөр даваа нугачааг Тэнгэрлиг даван туулсан хүчирхэг эмэгтэй гэдгээ амьдралаараа, уран бүтээлээрээ, ухаанаараа батлан харуулсан учраас түүний тоглолтын нэр энэ цаг хугацаанд яв цав нийцсэн гэлтэй.
Буянт-Ухаа спорт цогцолборт Монголын рок поп ертөнцийн хатан оргил болсон хайртай дуучин маань тоглолтоо хийх гэж байна. Залуу үеэ дагуулсан, даруухан өнгөрүүлсэн он жилүүдээ сэрээсэн, уран бүтээлийнхээ охь амтыг гайхуулсан, урт амьдралын замд хэзээ ч холдоогүй үнэнч фэнүүддээ барих түүний хамгийн том бэлэг ийнхүү 10 жилийн дараа задарч байгаад сэтгүүл би вээр ихэд баярлаж хөөрч байна. Сонсогч түмэн түүнд дэндүү хайртай. Одоо тоглолтыг нь үзэж, нүд чих сэтгэл зүрхээ баярлуулах л үлдлээ.