Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хурал АНУ-д энэ сарын 13-нд товлогджээ.
Мөнгө угаах, терроризмын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ үр дүнгээр Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл бий гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг танилцуулах үеэрээ хэлсэн. Учир нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар маш их хэмжээний мөнгийг ил болгосон. Үүнийг олон улсын түвшинд “эрсдэл” гэж үзэж байгаа аж. Мөн арилжааны банкуудад шалгалт хийсэн шалгалтууд нөлөөлж байгаагаас гадна мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүдийн шийдэгдсэн байдал энэ жагсаалтад оруулах үндэслэл болж байгаа юм байна.
Хэрэв манай улс саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулалт багасна, гадаадад хийгдэх валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө. Товчхондоо эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Дээрх хугацаанд товлогдсон хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх юм байна.