Төрийн чухал албанд томилогдоод түүнийгээ урвуулан ашиглаж, ашиг олох явдал хэрээс хэтэрсэн. Улмаар АТГ, тагнуул, цагдаагийнханд шалгуулаад эхлэхээрээ төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж буй хууль сахиулагчдыг харлуулахыг оролддог, өөрсдөө энхийн цагаан тагтаа болж харагдах гэдэг нь манайхны гэм биш зан билээ.
Албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдон шалгуулсан ч тухайн үедээ дуулиан тарьж байснаа хэсэг хугацаа өнгөрөхөд мартагдуулдаг. Олны анхаарал татсан зарим дуулиант хэргийг хэрхэн шийдвэрлэж буй талаар баттай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулсан юм.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг 2015 оноос сүр дуулиантай шалгаж эхэлсэн.
Уг хэргийн гол холбогдогчдын нэг П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтсан учраас Интерполоор эрэн сурвалжилж, хэргийг нь тусгаарлан түдгэлзүүлчихээд өдий хүрч буй. “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байхад нь ОХУ-ын тал Санкт-Петербургт саатуулсан гэх мэдээлэл гарч, Монгол Улсын прокурорын байгууллагад шилжүүлэхээр Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу хандсан ч манай талаас тавьж явуул гэсэн утгатай бичиг илгээсэн тухай цацагдаж байв.
Олон жил сүр дуулиантай шалгасан энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” буюу Эс Си Ти И Си Эм компанийн захирал Ли Жон Ёл, “Соён интернэйшнл” компанийн захирал Гу Ду Хеон нарын гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэн, Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэсэн.
Түүнээс хойш бусад хүнд холбогдох үйлдлийг хэрхэж буй нь тодорхойгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Эх сурвалжуудын мэдээлснээр “Монголын төмөр зам” ХК-ийн хөрөнгөөс завшсан гэх, А.Гансүх, Б.Батзаяа нарт холбогдох үйлдлийг нь түдгэлзүүлээд байсан ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүсэлтээр сэргээн шалгахаар УЕПГ-аас тогтоол баталж, АТГ-т шилжүүлжээ.
Түүнийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай, “Ухаахудагаас Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч Эс Си Ти И Си Эм ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жон Ёлтой “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн хамтарсан тушаал гаргаж, 2013 оны тавдугаар сарын 6-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнээр төмөр зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулуулан 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан.
Мөн Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нартай холбоотой өөр хэрэгт шалгаж байгаа ч хоёр гол холбогдогч нь хил даван зугтсан учраас тухайн хэргийг нь түдгэлзүүлчихээд байгаа. Прокурорын байгууллагаас авсан мэдээллээр 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дахин шалгах болсон аж.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг ийнхүү сэргээн шалгаж эхэлсэн ч, шинэ Эрүүгийн хуульд орсон хөөн хэлэлцэх хугацаа гэх олон хүнийг хариуцлагаас мулталж буй заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож болзошгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин, Г.Равжаа