“Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэсэн гарчигтай нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан Хотын дарга асан Э.Бат-Үүлийг өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаад байсан.
Гомдлыг хүлээн авсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 хэлтэс гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж, Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар торгох шийдвэрийг гаргажээ. Хотын дарга асан Э.Бат-Үүл энэхүү шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгох өргөдлийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байв. Энэхүү шүүх хурал товлогдсон боловч З.Энхболд, Х.Батулга нар шүүгчээс татгалзаж шүүх хурлыг хойшлуулжээ.