Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг “Шударга ёс, хөгжлийн нам”-аас өнгөрсөн онд бараг сая шахам гишүүн гарчээ. Эдийн засгийн хямрал, Сирид явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой маргаан гишүүдийн намаасаа татгалзах шалтгаан болсан гэж “Независимая газета ” сонин мэдээлсэн байна.
Нийтлэлд бичсэнээр Эрдоганы намыг орхисон хүмүүсийн олонх нь Ерөнхий сайд асан Ахмед Давутоглу болон Ерөнхий сайдын орлогч асан Али Бабакан нартай нэгджээ. Тэд нэгдэн улс төрийн шинэ хүчин байгуулж буйгаа зарласан байна.
Ахмед Давутоглу нь консерват үзэлтнүүд болон шашны хүрээнийхнээс нэлээд дэмжлэгтэй, нөлөөтэй улстөрч байсан гэдгийг Туркийн улс төрийн шинжээч Кэрим Хас мэдэгджээ. Харин Али Бабакан нь эдийн засгийн хөгжлийн асуудлыг гардан гүйцэтгэдэг байжээ.
Гэхдээ тэдний нэгдэл илүү том аюулыг бий болгож магадгүй гэж ажиглагчид үзсэн байна. Магадгүй төрийн эргэлт хийх оролдлого гарч болзошгүй тухай таамаглаж байна. Энэ нөхцөлд Эрдоган эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд гадаад бодлогоос илүү Туркийн ард иргэдийн үндсэрхэг, шашны үзлийг сэргээн хамгаалах хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: ТАSS